“Бүс ба зам” санаачилга 10 жил: Хөгжлийн цаашдын чиг хандлага
Энэ жил Хятад улс “Бүс ба зам” санаачлагыг дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байна. Тун удахгүй энэ 10 сард “Бүс ба зам” -ын гуравдахь удаагийн олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулганыг хуралдуулна гэдгээ Хятадын засгийн газар мэдэгдээд буй.
Хятад-Лаосын төмөр замын дагуух Меконг голын гүүрээр галт тэрэг өнгөрч байгаа
“Бүс ба зам” санаачилга нь яалт ч үгүй хөгжлийн асар том орон зайг багтаасан хөгжлийн стратеги гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Учир нь “Бүс ба зам” -ын нэг үзүүр нь Зүүн Азийн эдийн засгийн тойрогтой холбогдож, нөгөө үзүүр нь хөгжингүй Европын эдийн засагтай залгагдаж, дунд нь нөөц баялаг ихтэй ч эдийн засгийн хөгжлөөр харьцангуй буурай өргөн уудам өлгий нутаг бүхий улстай залгагдсан, зам дагуух Төв, Баруун ази, ойрхи Дорнод, Зүүн өмнөд Ази, Өмнөд ази, хойд Африк, Зүүн Африк, төв болон зүүн Европ зэрэг бүс нутгийг хамарсан 64 улсыг хамарсан, нийт хүн ам 4,4 тэрбум, ДНБ-ий цар хүрээ 2,1 тэрбум ам доллар, дэлхийд эдийн засгийн цар хүрээгээр хамгийн том эдийн засгийн коридор юм. Нэг талаас бүс нутгийн эдийн засгийн интеграцийн хөгжлийн чиг хандлагад нийцэж, урьдны хуурай газар, далай гэсэн хоёр хуваагдсан байдлыг эвдэж, хуурай газар далайг холбож, аажим аажмаар бүс нутгийн том хамтын ажиллагааг бүрэлдүүлж, Евразийн эх газар болон Номхон далай, Энэтхэгийн далай, Атлантийн далайг бүхэлд нь холбосон хуурай газар, далайн интеграцийг түргэтгэж, евразийн эх газрын эдийн засгийн холбоог илүү нягтруулж, бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг хүчтэйгээр урагшлуулах. Нөгөө талаас “Бүс ба зам” нь эдийн засгийн олон туйлт болох хөгжлийн чиг хандлагад нийцэж байна. Яагаад гэвэл зам дагуу ерөнхийдөө хөгжиж буй орон байдаг нь хөгжиж буй орнуудын холбооны эдийн засгийн нэгдлийг бий болгох, энэ нь эдгээр улс орнуудын дэлхийн эдийн засагт эзлэх байр суурийг өсгөж, дэлхийн эдийн засгийг илүү тэнцвэртэй, илүү нээлттэй хөгжүүлэх явдлыг биелүүлнэ [1] гэж Хятад улс үзэж байна.
2023 оны байдлаар “Бүс ба зам” санаачилгад дэлхийн 152 улс орон, олон улсын 32 байгууллага нэгдэж, Хятадын 2024 он гэхэд бүс нутгийн интеграцын эхний алхмыг хийж, зам дагуух орнуудын өндөр стандарт бүхий чөлөөт худалдааны бүсийн сүлжээ үндсэндээ байгуулан, Балтийн тэнгис, Газрын дундад тэнгис, Энэтхэгийн далайн стратегийн замуудад нэвтэрнэ[2] гэсэн “Бүс ба зам”-ын бүтээн бүтээн байгуулалтын төлөвлөгөө үндсэндээ биелсэн гэж үзээд байгаа.