MONGOL

“Бүс ба зам” санаачилга 10 жил: Хөгжлийн цаашдын чиг хандлага

criPublished: 2023-10-13 15:02:17
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Энэ жил Хятад улс “Бүс ба зам” санаачлагыг дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байна. Тун удахгүй энэ 10 сард “Бүс ба зам” -ын гуравдахь удаагийн олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулганыг хуралдуулна гэдгээ Хятадын засгийн газар мэдэгдээд буй.

Хятад-Лаосын төмөр замын дагуух Меконг голын гүүрээр галт тэрэг өнгөрч байгаа

“Бүс ба зам” санаачилга нь яалт ч үгүй хөгжлийн асар том орон зайг багтаасан хөгжлийн стратеги гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Учир нь “Бүс ба зам” -ын нэг үзүүр нь Зүүн Азийн эдийн засгийн тойрогтой холбогдож, нөгөө үзүүр нь хөгжингүй Европын эдийн засагтай залгагдаж, дунд нь нөөц баялаг ихтэй ч эдийн засгийн хөгжлөөр харьцангуй буурай өргөн уудам өлгий нутаг бүхий улстай залгагдсан, зам дагуух Төв, Баруун ази, ойрхи Дорнод, Зүүн өмнөд Ази, Өмнөд ази, хойд Африк, Зүүн Африк, төв болон зүүн Европ зэрэг бүс нутгийг хамарсан 64 улсыг хамарсан, нийт хүн ам 4,4 тэрбум, ДНБ-ий цар хүрээ 2,1 тэрбум ам доллар, дэлхийд эдийн засгийн цар хүрээгээр хамгийн том эдийн засгийн коридор юм. Нэг талаас бүс нутгийн эдийн засгийн интеграцийн хөгжлийн чиг хандлагад нийцэж, урьдны хуурай газар, далай гэсэн хоёр хуваагдсан байдлыг эвдэж, хуурай газар далайг холбож, аажим аажмаар бүс нутгийн том хамтын ажиллагааг бүрэлдүүлж, Евразийн эх газар болон Номхон далай, Энэтхэгийн далай, Атлантийн далайг бүхэлд нь холбосон хуурай газар, далайн интеграцийг түргэтгэж, евразийн эх газрын эдийн засгийн холбоог илүү нягтруулж, бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг хүчтэйгээр урагшлуулах. Нөгөө талаас “Бүс ба зам” нь эдийн засгийн олон туйлт болох хөгжлийн чиг хандлагад нийцэж байна. Яагаад гэвэл зам дагуу ерөнхийдөө хөгжиж буй орон байдаг нь хөгжиж буй орнуудын холбооны эдийн засгийн нэгдлийг бий болгох, энэ нь эдгээр улс орнуудын дэлхийн эдийн засагт эзлэх байр суурийг өсгөж, дэлхийн эдийн засгийг илүү тэнцвэртэй, илүү нээлттэй хөгжүүлэх явдлыг биелүүлнэ [1] гэж Хятад улс үзэж байна.

2023 оны байдлаар “Бүс ба зам” санаачилгад дэлхийн 152 улс орон, олон улсын 32 байгууллага нэгдэж, Хятадын 2024 он гэхэд бүс нутгийн интеграцын эхний алхмыг хийж, зам дагуух орнуудын өндөр стандарт бүхий чөлөөт худалдааны бүсийн сүлжээ үндсэндээ байгуулан, Балтийн тэнгис, Газрын дундад тэнгис, Энэтхэгийн далайн стратегийн замуудад нэвтэрнэ[2] гэсэн “Бүс ба зам”-ын бүтээн бүтээн байгуулалтын төлөвлөгөө үндсэндээ биелсэн гэж үзээд байгаа.

Миний бие өнгөрсөн удаа “Бүс ба зам” санаачилгын өнөөгийн хэрэгжилтийн байдал (https://www.polit.mn/a/102497)-ын талаар нийтлэл хэвлүүлсэн. Харин энэ удаад “Бүс ба зам” санаачилга цаашид ямар салбарын бүтээн байгуулалтад илүүтэй анхаарах, хөгжлийн чиг хандлага нь юу байх талаар судлаачийн байр сууринаас авч үзэв.

“Бүс ба зам” санаачлагыг дөнгөж дэвшүүлээд байсан 2013 онд Хятад улс зам дагуух улс орнуудад нийт 12,63 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийсэн бол 2021 онд энэ тоо 24,14 тэрбум ам доллар болж, 8 жилийн хугацаанд 91.1%-иар өссөн ба тухайн үеийн Хятадын гадаад хөрөнгө оруулалтын өсөлт 65.8% байв. Санхүүгийн бус гадаад хөрөнгө оруулалтын хувьд 2021 оны эцэс гэхэд Хятад улс “Бүс ба зам” дагуух улсуудад нийт 20,3 тэрбум ам долларын хөрөнгө оруулсан нь 2015 онтой харьцуулахад 37% иар өссөн [3] байна. Гэвч дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахал “Бүс ба зам”-ын хөрөнгө оруулалт, хэрэгжилтэд тодорхой хэмжээгээр нөлөөлж, 2020 оны байдлаар тус санаачлагын нийт төслийн бараг 60% нь ковидын их, бага хэмжээний нөлөөнд өртөж, хөрөнгө оруулалт 2019 онтой харьцуулахад 50%-иар буурчээ.

Үүний зэрэгцээ Хятадын дотоодод үл хөдлөх хөрөнгийн муу зээлийн хэмжээ эрс өссөн нь банкуудын шинэ төсөл хөтөлбөрийн эрсдлийг даах чадварыг бууруулж, цаашид аливаа төсөлд санхүүжилт олгохдоо илүү хянамгай, болгоомжтой, сонголтыг нарийн хийхэд хүргэнэ гэж судлаачид үзэж байна [4].

Ингээд Хятад улс 2021 оноос “Бүс ба зам”-ын хүрээнд дотоод, гадаадад хөрөнгийн нягтрал өндөртэй уламжлалт дэд бүтцийн төслүүдэд шинээр хөрөнгө оруулалт хийхээс аль болох татгалзаж, эсрэгээрээ нийтийн эрүүл мэнд (ялангуяа вакцин), ногоон эко технологи болон цахим үйлчилгээнд илүүтэй анхаарч эхлээд байна. Хөрөнгө оруулалтыг өндөр технологи, цахим худалдаа, нийтийн үйлчилгээний салбарт чиглүүлснээр “Бүс ба зам”-ын цоо шинэ төслүүд бий болж, энэ нь Хятадын дотоодын хэрэглээнд анхаарах эдийн засгийн шинэ үзэл баримтлалтай нь ч яв цав таараад буй.

Хятад улсын дарга Ши Жиньпин ХКН-ын 20 их хурлаар өндөр түвшний гадагшаа нээлттэй байх бодлогоо цаашдаа ч тууштай баримталж, “Бүс ба зам’-ын чанарт ихээхэн анхаарна гэж онцолсон. Мөн Хятад улсын одоо мөрдөгдөж байгаа “14 таван жил”-ийн төлөвлөгөөнд ч чанарын ахицад төвлөрнө гэж тусгасан. Нэг үгээр хэлбэл “Бүс ба зам” санаачилга нь ирэх жилүүдэд тооноос илүүтэй чанарт анхаарч, урт хугацаанд үргэлжлэх нь .

Мөн Ши Жиньпин дарга 2015 оны 10 дугаар сард ХКН-ын 18 удаагийн Төв Хорооны V бүгд хурлаар шинэ үзэл баримтлал буюу инновацын, зохицуулалттай, ногоон, нээлттэй, хамтдаа хүртэх гэсэн хөгжлийн үзэл баримтлалын талаар анхлан дэвшүүлсэн бол 2022 оны 3 дугаар сард хуралдсан БХАТИХ-ын V чуулганы үеэр тус үзэл баримтлалыг Хятад улсын хөгжин хүчирхэгжихийн зайлшгүй туулах нэг зам гэж онцолсон. Өөрөөр хэлбэл “Бүс ба зам” нь цаашид хөгжлийн шинэ үзэл баримлалаар гол чиг баримжаа хийнэ гэсэн үг.

Сүүлийн жилүүдэд Хятад улс “Бүс ба зам”-ын дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд “ногоон”, “тогтвортой” хөгжилд илт анхаарал хандуулах болсон. 2017 оны 5 дугаар сард Үндэсний хөгжил, шинэчлэлтийн хороо холбогдох яамдтай хамтарч “Ногоон ‘Бүс ба зам’-ын бүтээн байгуулалтыг түргэтгэх тухай удирдамж санал” -ыг анхлан дэвшүүлж, 2025 он гэхэд ногоон дэд бүтэц, ногоон эрчим хүч, ногоон зам харилцаа, ногоон санхүү зэрэг салбарт томоохон амжилтад хүрэх болно” гэсэн үндсэн зорилго тавьсан.

Өнөөдөр Хятад улс фотоволтайк цахилгаан эрчим хүч, салхин цахилгаан станц, усан цахилгаан станц, атомын цахилгаан станц болон хурдны галт тэрэг, цахилгаан автомашин зэрэг салбарт асар их туршлага хуримтлуулж чаджээ. Энэ давуу талаа ашиглаж, ирэх жилүүдэд тус улс “Бүс ба зам”-д нэгдсэн, зам дагуух улс орнуудтай ногоон дэд бүтцийн салбарт улам нягт ажиллаж, хамтын ажиллагааг бэхжүүлэх хандлагатай байна.

Хятад улсын дарга Ши Жиньпин 2017 оны “Бүс ба зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний анхдугаар чуулганаар: “Инновацийг хөдөлгөгч хүч болгосон хөгжлийг тууштай баримталж, цахим эдийн засаг, хиймэл оюун ухаан, нано технологи, квант тооцоолол зэрэг тэргүүлэх салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, их өгөгдөл, үүлэн тооцоолол, ухаалаг хотын бүтээн байгуулалтыг 21-р зууны цахим торгоны замтай холбон, урагшлуулах хэрэгтэй” [5] гэж заасан нь “Цахим Бүс ба зам”-ын хөгжлийн цаашдын чиглэл нь болов.

Ковид цар тахал дэлхий нийтэд тархсан нь улс орнуудыг цахимаар харилцаж, цахимаар ажиллаж, суралцах шинэ эрин үеийн харилцааны хэв маягт эргэлт буцалтгүй оруулсан. Хятад улсын хувьд “Цахим торгоны зам”-ыг дэмжих үйлдвэрлэлийн бааз суурь улам бэхжиж, зах зээл нь ч тэлэв. Өнөөдөр тус улсын цахим эдийн засгийн хөгжил маш хурдан, 5G технологийн бүтээн байгуулалтаар дэлхийг тэргүүлж, цахим эдийн засгийн салбарт өөртөө давуу талуудыг хэдийн бий болгоод буй. Судалгаагаар 2014-2021 онд Хятадын цахим эдийн засгийн хэмжээ 27 их наяд юань-аас 45 их наяд болж, ДНБ-д эзлэх хувийн жин 33%-иас 39.8% хүрч, жилийн 16%-ийн өсөлтийг харуулав. Өнөөдөр цахим эдийн засгийн салбарын хөгжлөөр дэлхийд 2-рт жагсаж байна [6]. Зам дагуух улс орнуудын цахимжих үйл явц удаашралтай байгаа нь Хятадын энэ салбарт орох орон зайг улам тэлэхээр байна.

Хятад улс “Бүс ба зам”-ын хүрээгээ улам тэлж, хамтрагч, оролцогч орнуудын тоог нэмнэ. Ялангуяа Дундад Азийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх төлөвтэй байна. Үүнийг саяхан буюу 2023 оны 5 дугаар сарын 18-19-нд Хятадын Ши Ань хотод зохион байгуулагдсан “Хятад болон Дундад Азийн улс орнуудын анхдугаар дээд хэмжээний чуулга” баталлаа. Хятад, Дундад Азийн улс орнуудтай “Хятад-Дундад Азийн Ши Ань-ий тунхаглал”-ийг зарлаж, цаашид хоёр талын эрчим хүчний хөгжлийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, эрчим хүчний бүх талын үйлдвэрлэлийн хэлхээний хамтын ажиллагааг өргөжүүлэх, нефть, байгалийн хий, нүүрс зэрэг уламжлалт эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг тэлэх, нарны, усан болон салхин цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг бэхжүүлж, атомын цахилгаан станцыг энхийн зориулалтаар ашиглах, эко технологи, цэвэр эрчим хүчний төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх болно гэдгээ мэдэгдсэн.

Энэ бүгдээс харахад “Бүс ба зам” өнгөрсөн 10 жилийн хугацаанд төмөр зам, автозам, боомт, газрын тос, хийн хоолой зэрэг хатуу дэд бүтцийн сүлжээг бий болгоход илүүтэй анхаарсан бол ирэх жилүүдэд зөөлөн дэд бүтцийг барихад илүүтэй төвлөрөхөөр байна. Мөн тооноос илүүтэй чанарт чиглэж, инноваци голлосон ногоон эко, цахим дэд бүтцийг өргөтгөж, хил дамнасан цахим худалдааны платформуудыг олноор байгуулах, шинжлэх ухаан технологийн хөгжил, инновациар дамжуулан цахимжих үйл явцыг түргэтгэж, эрчим хүчний нөөц баялаг ихтэй орнуудыг өөртөө улам татаж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хандлагатай байна.

Дүгнэлт

Хятад улс Дэн Шяопин удирдагчийнхаа эхлүүлсэн өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлогыг тууштай хэрэгжүүлж, түүхэн богино хугацаанд улс орны эдийн засгийг хөгжүүлж, ард иргэдийн амьжиргааг сайжруулан, дэлхийн хоёр дахь эдийн засаг болж чадсан. Ингэснээр Хятад улс Энэтхэг Номхон далайн бүс цаашлаад дэлхийн хэмжээнд хүчирхэгжиж, олон улсын үйл хэрэгт хүчирхэг, их гүрний хариуцлагатай байх үүргийг тод харуулаад буй. “Бүс ба зам” нь Хятад улсын дэлхийн хэмжээнд их гүрний хариуцлагатай байх байр суурийг бат бэх тогтоох, бүс нутгийн интеграцийг бэхжүүлж, харилцаагаа улам нягтруулах, хуурай болон усан замын дэд бүтцийн сүлжээгээр дамжуулж олон улс дахь өрсөлдөх чадавхиа улам нэмэгдүүлж, улсын аюулгүй байдлаа хангах гол стратеги, арга зам нь болов.

Ковидын цар тахал “Бүс ба зам”-ын хэрэгжилтэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Харин урьд дэд бүтцийн хөрөнгө оруулалтад голлон анхаарч байсныг өндөр технологи, цахим худалдаа, нийтийн үйлчилгээний салбарт чиглүүлж чадсанаар зөөлөн дэд бүтцийн төслүүд, мөн шинэ өндөр технологи агуулсан бүтээгдэхүүний зах зээлээ тэлж эхлээд байна.

“Бүс ба зам”-ыг дэвшүүлснээс хойш өнөөг хүртэл хэрэгжүүлэхэд сорилт, бэрхшээл тулгарч байгаа нь эргэлзээгүй. Түүнээс хамгийн том сорилт бол бүс нутгийн тэнцвэртэй бус хөгжил болоод байна. Өөрөөр хэлбэл санаачилгад нэгдсэн, зам дагуух улс орнуудын зарим нь дэд бүтцийн бүтээн байгуулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанаас ихээхэн ашиг хүртэж байхад зарим улс эсрэгээрээ өрийн дарамтад орох, төслөөс үр ашиг хүртэж чадахгүй байх асуудалтай тулгарсаар. Мэдээж энэ тэнцвэртэй бус хөгжлийн асуудал нь төслийг хэрэгжүүлэгч улс орнуудын хөгжлийн зөрүүтэй байдал, нөөц баялгийн хуваарилалтын тэгш бус байдал эсвэл аливаа төсөл хөтөлбөрийг удирдах менежментийн арга барил, ур чадвар зэргээс шалтгаалж байна.

Ашигласан эх сурвалж

1. Ван Ивэй, “Нэг бүс нэг зам”: Хятадын сэргэн мандал, тэнгэрийн доорх үүрэг хариуцлага, УБ 2019 он, Удам Соёл хэвлэлийн газар

2. Дээрхийн адил

3. 2021 年度中国对外直 接投资统计公报, http: mofcom.gov.cn

4. David Whitehouse, Asia: Sri Lanka default puts China’s Belt and Road Initiative under scrutiny, Funds Europe, 2022.https://www.funds-europe.com/november-2022/asia-sri-lanka-default-china-belt-road-initiative-scrutiny

5. 习近平:“携手推进一带一路建设—在”一带一路“国际合作高峰论坛开幕式上的演讲” http://www.beltandroadforum.org/n100/2017/0514/c24-407.html。

6. 中国“数字丝绸之路”创造新机遇(国际论道),人民网,2022 年10月10日

--МУ-ын Боловсролын ухааны доктор (Ph.D), Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш, “Нэг бүс нэг зам” Хамтын хөгжил судалгааны Төвийн хятад судлаач Т.Чулуун-Эрдэнэ

Share this story on

Messenger Pinterest LinkedIn