Үйлчилгээний худалдааны яармаг даян дэлхийд ямар ач холбогдлоо өгөх вэ?
Qualcomm-ын Android утсан дээр ажиллах боломжтой дэлхийн анхны хиймэл оюун ухаан, Philips эрүүл мэндийн шинэлэг шийдлүүд, Тесла ухаалаг амьдралын хэв маяг...
Өнөөдөр, 9-р сарын 2-нд Бээжин хотноо нээгдсэн Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны яармаг дээр хүмүүс даян дэлхийн хамгийн шинэ, хамгийн дэвшилтэт технологи болон үйлчилгээний худалдааны боломжтой танилцаж байлаа.
"Дэлхийн эдийн засаг нээлттэй байдалд хөгжиж, хаагдсан үед унана." Мөн өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин 2023 оны Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны яармагийн Дэлхийн үйлчилгээний худалдааны дээд хэмжээний уулзалтад видеогоор үг хэлж, дэлхийн үйлчилгээний худалдаа, үйлчилгээний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь эдийн засгийн даяаршлыг ахиулж, дэлхийн эдийн засгийн эрч хүчийг сэргээж, дэлхийн эдийн засгийн уян хатан чанарыг нэмэгдүүлэхэд хүчтэй түлхэц өгнө гэжээ. Тэрбээр онцолсон "нээлттэй байх", "хамтран ажиллах", "шинийг санаачлах", "ололтоо хуваалцах" гэсэн дөрвөн түлхүүр үг нь Хятад улс өндөр түвшний нээлттэй байдлаа өргөтгөж, нээлттэй хөгжлөөр дэлхийд үр өгөөжөө өгөхөөр шийдсэнийг дахин гэрчлэн харууллаа.
Сүүлийн жилүүдэд үйлчилгээний худалдаа нь дэлхийн худалдааны шинэ хөдөлгүүр болж байна. 2040 он гэхэд үйлчилгээний худалдаа дэлхийн худалдааны 50 хувийг эзэлнэ гэж ДХБ-аас таамаглаж байна. Энэ удаагийн үйлчилгээний худалдааны яармагт оффлайн хэлбэрээр 2400 гаруй оролцогч, тэр дундаа дэлхийн ТОП-500 болон салбарынхаа тэргүүлэгч 500 гаруй компани оролцож байгаа нь үйлчилгээний худалдааны дэлхийн ТОП-30 улс орон, бүс нутгийн 28-ыг хамарсан байна. Энэ удаагийн яармагийн зочин орон болох Их Британи сүүлийн дөрвөн жилийн хамгийн том цар хүрээтэй бизнесийн төлөөлөгчдөө Хятад руу илгээсэн аж. Хятад, Их Британи үйлчилгээний худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэж Их Британиас БНХАУ-д суугаа худалдааны төлөөлөгч Дү Тао хэллээ.
Хятадын Худалдааны яамны тоо баримтаас үзвэл, 2022 онд Хятадын үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ бараг 6 их наяд юаньд хүрч, 9 дэх жилдээ дэлхийд хоёр дугаар байранд жагссан байна. Гадаад дотоодын бизнес эрхлэгчид эл яармагт идэвхтэй оролцож байгаа нь тэд юуны өмнө Хятадын супер том зах зээл, аж үйлдвэрийн тасралтгүй шинэчлэлийн шинэ боломжуудыг олж харсантай шууд холбоотой юм.