Тайланд багш Нитинун Чомчуен
Тайланд охин Нитинун Чомчуен бол Хятадын Тяньжиний Бохай мэргэжлийн технологийн дээд сургуулийн Тайландын иргэншилтэй багш. Тэрбээр Тайландаас ирсэн оюутнуудад хятад хэл заадаг байна. "Хятад улсад байсан энэ хугацаанд би Тайланд Хятад хоёр орны эдийн засаг худалдаа, хүмүүсийн ирж очих харилцаа солилцоо улам гүнзгийрсээр байгааг мэдэрлээ. Ирээдүйд өөрөө жижиг гүүр холбоос нь болж, хоёр орны найрсаг харилцаанд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна" гэж тэрбээр хэлжээ.
“Сайн байцгаана уу. Намайг Нитинун Чомчуен гэдэг. Хятад нэр маань Хуан Кэ-ин. Би Тайландаас ирсэн, Хятад улсад ажиллаад 8 жил боллоо. Эдүгээ Тяньжиний Бохай мэргэжлийн технологийн дээд сургуульд багшилж байна”.
Нитинун Чомчуен Тайланд улсын Нонтхабури бүсээс иржээ. Бүтэн жилийн тушид дулаан чийглэг цаг агаартай түүний төрсөн нутагтай нь харьцуулахад дөрвөн улирал солигдох Тяньжян хот анх дасмааргүй санагдаж байв. Гэхдээ тэрбээр эндэхийн амьдралдаа маш сайн дасчээ.
“7, 8 настай байхдаа Хятад улсын тухай бага сага сонсож байсан. Тэр нь одоогийн миний нүдээрээ үзсэнээс их өөр. Хятад улс маш сайн хөгжсөн. Тяньжиний хүмүүс их найрсаг зочломтгой. Хятад улсын дэд бүтэц маш боловсронгуй болсон. Тухайлбал, автобус, метроны үнэ хямдхан мөртөө дөхөм. Энэ бол Хятадын засгийн газраас бидэнд олгосон боломж дэмжлэг л гэсэн үг. Энд парк цэцэрлэг олон, өндөр түвшинд хөгжсөн бүс ч олон, ер нь бүх салбарт орчин үеийн шинэчлэл харагдаж байгаа”.
Хятад улсад 8 жилд амьдарсан Нитинуны хувьд хятадаар урсам сайн ярьдаг. Тэрбээр ахлах дунд сургуульд байхаасаа хятад хэлийг шаргуу сурчээ. Хятад хэл соёлыг маш сонирхдог тул тэрбээр Тайландын урлагийн их сургуулийн хятад хэлний салбарыг сонгож суралцжээ. Эдүгээ Тайландын өсвөр залуу үеийнхэн хятад хэл сурах, хятад соёлын талаар сонирхох нь олон жилийн өмнөхтэй харьцуулшгүй их болсон гэж тэрбээр хэллээ.
“Хятад хэл сурч буй тайландчууд улам бүр олширч байна. Ахлах дунд сургуульд хятад хэлний хичээл заах нь нэлээд түгээмэл болж, анх дунд, бүр бага сургуулиас нь ч эхлүүлэх нь нийтлэг болсон. Тайландын найз нарын маань дийлэнх нь Хятадын олон ангит кино үздэг, Хятадын тухай ойлголт нь бүр надаас ч илүү санагддаг болчихоод байна".