Хятадын бүтээгдэхүүнүүд фанатуудад таалагджээ
Хөгжөөн дэмжигчдийг хоноглох, буудаллах байр сууцаар хангах судалгаанд Хятад улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Катарын талын анхаарлыг ихэд татжээ. Олон мянган хөгжөөн дэмжигчдийг хүлээн авахын тулд Катар улс спорт сонирхогчдын 6 ухлаг хотхоныг байгуулжээ. Үүнээс “Чөлөөт бүсийн хөгжөөн дэмжигчдийн хотхон” хамгийн том нь бөгөөд энд чингэлэг маягийн хялбар хийцтэй 6000 авсаархан байрыг байгуулжээ. Эдгээр чингэлгэн байшингуудыг Хятад улс үйлдвэрлэсэн юм. Хятадын компаниуд энэ удаагийн Катарын ДАШТ-нд 10 мянган чингэлэг байшин илгээсний олонхи нь Гуандүн, Жэжянь зэрэг газраас ирсэн хэмээн Катарын тал танилцуулжээ. Хятад улсад үйлдвэрлэсэн чингэлэг байшингуудын чанарт сэтгэл хангалуун байгаагаа ДАШТ-ыг зохион байгуулагч орны Зочид буудлын үйлчилгээний газрын ерөнхий захирал Омар Эль Жабер хэлжээ.
“Эдгээр чингэлэг байшингуудын чанар маш сайн, өрөөний дотоод тохижилт тоног төхөөрөмж бүрэн, ариун цэврийн өрөө нь тусдаа, бас агааржуулагч, цахилгаан сэнстэй юм”.
Хонож байрлах, зорчих төдийгөөр хязгаарлагдахгүй, хөл бөмбөгийн спортын хувцас, хүзүүний ороолт, спортын үүргэвч, сувинер, бэлгэ тэмдэг гээд ДАШТ-тэй холбоотой олон төрлийн бүтээгдэхүүн Хятад улсад үйлдвэрлэгджээ. ДАШТ-ний бараа зардаг тусгай дэлгүүрүүдэд Олон улсын хөл бөмбөгийн холбооны 2022 оны ДАШТ-ний албан ёсны зөвшөөрөлтэй хөл бөмбөг, спортын хувцас, хүзүүний ороолт, үүргэвч, малгай зэрэг олон бүтээгдэхүүн зарагдаж байгаа бөгөөд эдгээр бүтээгдэхүүний дийлэнхийг Хятадаас импортолжээ. Тусгай зөвшөөрөлтэй нэгэн дэлгүүрийн худалдагч Жафар Хан энэ тухайн ийн ярьсан байна.
“Манай дэлгүүрийн барааны 60 хувь нь Хятадад үйлдвэрлэгдсэн. Ялангуяа хөл бөмбөгийн хувцас, үүргэвч бараг тэр чигээрээ Хятад улсаас ирсэн. Эдгээр барааны чанар маш сайн, жуулчид ч Хятад улсын бараа бүтээгдэхүүнийг худалдан авах дуртай байдаг”.
Уртнасан