Хятадын сансрын станцаас шинжлэх ухааны туршилтын дээжийг авчирсан байна
Хятадын Шинжлэх Ухааны Академийн Сансрын Хэрэглээний Инженер Технологийн Төв 11-р сарын 4-ний өдөр хэвлэлийнхэнд мэдээлснээр, Хятадын сансрын станцаас сансрын шинжлэх ухааны туршилтын дээжийн долоо дахь багцыг "Шэньжөү-18" сансрын хөлөгт тээж амжилттай буцаан авчиржээ. Энэ удаад шинжлэх ухааны туршилтын 55 зүйлийн дээжийг авчирсан нь сансрын амьдралын шинжлэх ухаан, сансрын материал судлал, бичил таталцлын шаталтын шинжлэх ухаан зэрэг салбарын шинжлэх ухааны 28 туршилтын төсөл хамрагдаж, нийт 34.6 кг жинтэй байна.
Тэдгээрийн дотроос амьдралын шинжлэх ухааны туршилтын дээжийг мөн өглөө Бээжин дэх Хятадын ШУА-ийн Сансрын хэрэглээний төвд цагийг амжин шилжүүлэн өгчээ. Хятадын ШУА-ийн Сансрын Хэрэглээний Төвөөс мэдээлснээр, "Шэньжөү-18" сансрын хөлгөөр буулгаж авчирсан амьдралын дээжүүдэд зебра загасны өсгөвөрлөгч, амин хүчил, олигопептид, метаноген археа, цацрагт тэсвэртэй бичил биетэн, литозойн бичил биетэн, хагны судалгаа зэрэг 24 төрөл зүйл багтжээ. Цаашид судлаачид метагеномын дараалал, фенотип генетикийн шинжилгээ, протеом, транскриптомын шинжилгээ гэх зэрэг ажлуудыг хийж, сансрын орчин дахь усны экосистемийн материалын эргэлтийн механизмын судалгаанд анхаарлаа хандуулж, сансрын урт хугацааны тогтвортой үйл ажиллагаа бүхий цогц экосистемийг байгуулахад онолын дэмжлэг үзүүлэх болно. Түүнчлэн кодонуудын химийн гарал үүсэлд бичил таталцлын үзүүлэх нөлөөлөл, ямар сансрын орчин нь амьдралын цогц молекул суурьтай байж болох талаар гол судлагаа хийнэ. Харь гариг дахь амьдрах чадварыг судлах үндсэн судалгааны суурь болгохын тулд анаэробик археагийн харь гаригийн орчинд дасан зохицох чадварыг судлах юм. Үүний зэрэгцээ, эрс тэс орчин дахь бичил биетний амьдрах чадвар, тэсвэрлэх чадварт үнэлгээ хийж, эрс тэс орчны бичил биетүүдийн сансрын уудам руу өргөжих чадварт хайгуул судлагаа хийж, дэлхий дээрх амьдралын одон гариг хооронд тархах бололцооны тухай судлаж, чулуулгийн биогенезийн таамаглалд нотолгоо хийх болно.