Хятадын тусламжаар хэрэгжсэн боомтын төсөл ашиглалтад орлоо
Монгол улсын Засгийн газар гуравдугаар сарын 24-ний өдөр Замын-Үүд боомтод Хятадын тусламжтай авто замын боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслийг ашиглалтад хүлээж авах ёслол болов. Ёслолд Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань нар оролцож, үг хэллээ.
Цар тахлын хүндхэн үед ч Хятад улс олон улсын жишигт нийцсэн боомтын барилга байгууламж барихад тусалж, зорчигч болон ачааны гаалийн бүрдүүлэлтийн хүчин чадлыг тав дахин нэмэгдүүлж, Монгол улсын "боомтын сэргэлтийн бодлого"-ын хэрэгжилтэд үр дүнтэй дэмжлэг үзүүлсэнд Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийлээд, Замын-Үүд боомт Монголын гадаад худалдаанд улам чухал үүрэг гүйцэтгэхийг онцолжээ.
Элчин сайд Шэнь Миньжуань хэлэхдээ, Хятад улсын тусламжтай Замын-Үүд боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл албан ёсоор ашиглалтад шилжсэн нь боомтын зорчигч болон ачаа тээвэрлэлтийн хүчин чадлыг ихээр дээшлүүлэх болно. Монголын талтай хамтран боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг улам боловсронгуй болгож, зорчигч болон ачаа тээвэрлэлтийн шинэ загвар нээж, үндэстэн дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэв.
Энэ жил Хятад, Монгол дипломат харилцааны 75 жил, Найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, стратегийн иж бүрэн түншлэлийн 10 жил зэрэг олон тэгш ой давхацсан онцлог жил болж байна. Хятад, Монголын хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах гол чиглэл дагуу "Бүс ба Зам"-ын хамтын ажиллагаанд тулгуурлаж, стратегийн уялдаа холбоогоо гүнзгийрүүлж, улмаар хоёр орны хөгжилд улам сайн хүч сэлбэж, Азийн "шинэ гэр орны бүтээн байгуулалт"-ад Хятад, Монголын хамтын хүчин зүтгэлийг нэмэрлэхэд Хятадын тал мөн бэлэн байна гэжээ.