MONGOL

Даянд алдартай “Хаврын баярын их нүүдэл”

CRIPublished: 2023-01-06 18:01:58
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Цагаан сар бол Хятадын уламжлалт баяр бөгөөд халуун ам бүлээрээ уулзан учрах хамгийн чухал үе байдаг. Жил бүрийн сар шинийн үеэр Хятадад өвөрмөц үзэгдэл бий болдог бөгөөд үүнийг “Чүнь юнь” буюу “Хаврын баярын их нүүдэл” хэмээн нэрлэдэг аж. ВВС Хятадын цагаан сарын тухай хийсэн баримтат киногаа "Хятадын шинэ жил: Дэлхийн хамгийн том баяр" хэмээн гарчиглаж, Хятадын цагаан сар дэлхийн хүн амын хамгийн их урсгалыг тодорхойлдог гэжээ.

“Мөнгөтэй мөнгөгүй ч гэртээ харьж шинэлнэ” гэдэг нь Хятадуудын ясанд нь шингэсэн үнэт ухамсар юм. Өөрчлөлт шинэчлэлийн 40 гаруй жилийн хугацаанд Хятад улсын нийгэм эдийн засгийн олон ургальч хөгжлийг дагалдан хүмүүс төрөлх нутгаасаа гарч, томоохон хотуудыг зорин сургууль соёлын мөр хөөх, ажил хөдөлмөр хийх хандлага аль хэдийн төлөвшжээ. Үүний улмаас хот хөдөөгийн хөгжлийн ялгаа ч улам тод харагдах болсон юм. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд цагаан сарын зорчигчид 100 сая байснаас 2015 онд 3.7 тэрбум хүн болж өссөн байна. Энэ нь Африк, Европ, Америк, Их далайн тивийн нийт хүн амыг нэг удаа нүүлгэсэнтэй тэнцдэг гэсэн сонирхолтой тоо баримт бий.

Цагаан сарын асар их зорчигчдын урсгал нь зам тээврийн системд томоохон сорилт болдог юм. Хятадын авто замын нийт урт 5 сая км-ээс давсан бөгөөд үүний дотор хурдны замын нийт урт дэлхийд тэргүүлдэг. Төмөр замын ашиглалтын нийт урт 155.000 км байдгаас 42.000 км нь өндөр хурдны төмөр зам. Үүгээрээ дэлхийд нэгдүгээрт жагсдаг билээ.

2023 оны цагаан сарын зорчигч тээвэр нэгдүгээр сарын 7-оос хоёрдугаар сарын 15-ныг хүртэл 40 хоног үргэлжлэх юм. Цар тахлын шинэ дэглэмийн дараах энэ жилийн хаврын баярын их нүүдэл олны анхаарлыг ихээхэн татаж байна. Урьдчилсан байдлаар, энэ жилийн цагаан сарын үерх нийт зорчигчдын урсгал 2.1 тэрбум орчимд хүрэх төлөвтэй байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn