MONGOL

И үндэстний лакан эдлэл

CRIPublished: 2024-11-25 11:32:06
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Ляншаний И үндэстний өөртөө засах жөүгийн Ши Де сянийг "И үндэстний лакан эдлэлийн өлгий" хэмээн нэрлэдэг. Хятадын зургаа дахь том үндэстний цөөнхийн хувьд И үндэстэн нь баялаг түүх соёлын өвтэй бөгөөд энэ нутгийн лакан эдлэлийн үйлдвэрлэл олон мянган жилийн түүхтэй.Эртний энгийн модон сав суулга урлахаас эхлээд өдөр тутмын хэрэгцээт зүйлээ хар лакаар чимэглэх, бүр цаашлаад түүхий лак, мөнгөн хүрэн, чулуун шар зэрэг байгалийн гаралтай түүхий эдийг ашиглан гоёмсог будсан лакан эдлэл хийх хүртэл "И үндэстний лакан урлал" нь хөгжил дэвшлийн өнө удаан жилийн түүхтэй болж, 2008 онд Хятадын үндэсний биет бус соёлын өвөөр бүртгэгдсэн юм.

И үндэстний лакаар хийсэн эдлэл нь тод, тансаг, өнгө будаг, гоёмсог хээтэй байдгаас олны сонирхлыг ихээхэн татсаар иржээ. Лакны өнгө нь И үндэстний уран сэтгэмж, оюун санааны онцлог шинжийг илэрхийлдэг. Хар, улаан, шар өнгө нь И үндэстний уламжлалт өнгө бөгөөд хувцас засаглалыг багтаасан амьдралын хэрэгцээний ихэнх нь эдгээр өнгөнөөс бүрддэг. Хар өнгө нь сүр жавхлант байдлыг, улаан өнгө нь урам зориг, эрэлхэг баатарлаг байдлыг, шар өнгө нь гэрэл гэгээ, ирээдүйг илэрхийлдэг бол лакан эдлэлийн хээ нь байгаль, амьдралаас үүсэлтэй бөгөөд хээ угалз нь нар, сар од, уул ус, амьтан, ургамлыг илүү авч ашигласан байдаг.

Лакаар хийсэн эдлэл нь И үндэстний амьдралд өргөн хэрэглэгддэг. Уламжлалт ширээний хэрэгсэл, дарс, цай, гэр ахуйн засал чимэглэлийн сав суулга зэрэг нь энэ үндэстний амьдралын бүхий л талыг хамарч, гоо сайхны болон практик үнэ цэнэтэй байж, И үндэстний соёлын чухал бэлгэдлийн нэг болсон байна.

Өнөөдөр, И үндэстний лакаар хийсэн бүтээгдэхүүн нь өвөрмөц үндэстний онцлог, тансаг өнгө загвараараа дэлхийд танигдаж, улам олон хүмүүсийн сонирхлыг татаж, аажмаар уулан нутгийн Ляншань нутгаас гарч, дэлхийн олон газарт хүрч, И үндэстний лак эдлэл шинэ эрч хүчээр дүүрэн байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn