Хятадын CGTN суваг Бразилийн иргэдийн дунд санал асуулга явуулав
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бразилд хийсэн төрийн айлчлалтай холбогдуулан Хятадын төв радио телевизийн CGTN суваг Шинэ эриний олон улсын харилцаа холбоо, сурталчилгааны хүрээлэнгээр дамжуулан, Бразилийн эдийн засаг, нийгмийн хууль зүйн судалгааны төвтэй хамтран Бразилийн 1106 хүний дунд анх удаа санал асуулга явуулжээ. Судалгаанд оролцогчид Хятад, Бразилийн харилцаа аль эрт хоёр талын хүрээнээс тэлсэн бөгөөд хоёр орны олон талт тавцан дахь нягт уялдаа холбоо, хамтын ажиллагаа нь "дэлхийн өмнөд"-ийн орнуудын эрх ашгийг хамгаалах, илүү шударга, үндэслэлтэй олон улсын дэг журмыг бий болгоход илүү их түлхэц өгч байна гэж үзжээ.
Энэ онд Хятад Бразилийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр орон бол гар нийлсэн сайн найз, сайн түнш юм. Судалгаанаас үзэхэд, Бразилийн судалгаанд оролцогчид Хятадад ихээхэн таатай үнэлгээ өгч байна. Үүнд судалгаанд оролцогчдын 91.6 хувь нь Хятад улсыг амжилтад хүрсэн орон гэж үзсэн бол, 84.5 хувь нь Хятад улсыг хүндэтгэх ёстой улс гэж үзэж байна. Харин 81.2 хувь нь Хятад улс бол татах хүчинтэй том орон гэж үзжээ. Мөн 76.2 хувь нь Хятад улсыг хариуцлагатай том орон гэж сайшаажээ. Үүнээс гадна, судалгаанд оролцогчид Хятад маягийн орчин үеийн хөгжлийн ололт амжилт, үзэл баримтлалыг эерэгээр үнэлжээ. Судалгаанд оролцогчдын 97.6 хувь нь Хятадын эдийн засаг эрч хүчтэй гэж үзсэн бол 96.9 хувь нь Хятадын эдийн засаг хурдацтай хөгжиж байна гэж үзжээ. Мөн судалгаанд оролцогчдын 89.8 хувь нь Хятадын эдийн засаг урт хугацаанд эерэг хөгжлийн чиг хандлагаа хадгална гэж үзсэн бол 95.6 хувь нь Хятадын эдийн засгийн дэлхийн эдийн засгийг сэргээхэд оруулсан онцгой хувь нэмрийг нааштай үнэлжээ. Түүнчлэн 98.2 хувь нь Хятад улсын шинжлэх ухаан, технологи хүчирхэг гэж үзсэн бол, 92.9 хувь нь Хятадын шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн түвшин өндөр, чадавхи хүчтэй гэж үзжээ. Мөн 93.9 хувь нь Хятадын шинжлэх ухаан, технологийн ахиц дэвшил дэлхийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан гэж үзсэн байна.
Энэхүү судалгааг Бразилийн хүн амын насжилт, хүйс, бүс нутгийн тархалтын онцлогт тулгуурлан түүвэрлэн боловсруулсан бөгөөд санал асуулгад Хятад улсын талаарх ерөнхий ойлголт, эдийн засгийн хамтын ажиллагаа, улс төрийн харилцаа, соёлын солилцоо зэрэг олон асуудлыг багтаасан юм.