Хятадын олон улсын импортын VII экспо нээгдлээ
БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Хятадын олон улсын импортын VII экспо” өнөөдөр нээгдсэн байна. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нээлтэд оролцож үг хэлсэн байна.
Энэ сарын 5-10-ны хооронд үргэлжлэх Шанхайн экспод 129 улс орон, бүс нутгаас 3496 компани оролцож байна. Мөн “Fortune Global 500” жагсаалтад багтдаг 297 компани, салбарын манлайлагчид оролцсоноор шинэ дээд амжилт тогтоожээ.
2018 оноос хойш жил бүрийн арваннэгдүгээр сарын 5-10-нд зохион байгуулагдаж буй Шанхайн экспо нь даян дэлхийн хамтын ажиллагаа, худалдааны шинэ боломжийг хамтдаа эрэлхийлэх үндсэн зорилготой. Энэхүү экспо нь хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, автомашин, ухаалаг үйлдвэрлэл болон мэдээлэл технологи, өргөн хэрэглээний бараа, эрүүл мэндийн бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмж, худалдаа үйлчилгээ гэсэн зургаан үндсэн хэсгээс бүрддэг. Түүнчлэн инновацын тусгай хэсэг, олон улсын үндэсний дүр төрхийг харуулсан үзэсгэлэнгийн тусгай хэсэг зэрэг нийт 15 чиглэлээр зохион байгуулагдаж байна.