MONGOL

“Андын номын сан” цуврал- Лү Шюний шагналт зохиол “Өнө мөнх хэдий хол вэ”

CRIPublished: 2024-04-21 09:58:02
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

...Та Бээжингийн хуучин гудамжинд амьдарч үзсэн үү? Бээжингийн хуучны гудамжны хүүхдүүд ямар байсныг мэдэх үү? Ийм гудамжны баяр хөөртэй, дүрсгүй охидыг төсөөлж байна уу? Бээжин хуучинд ямар байсныг би мэднэ. Хүүхэд ахуйдаа хуучны гудамжинд амьдардаг байлаа. Баяр хөөртэй, олон үгтэй, жаахан дүрсгүй охидыг санадаг. Бодоод үз, тэд байгаагүй бол гудамжийг гудамж, Бээжинг Бээжин гэх үү? Өнөө би Бээжинд ирэх бүрдээ гудамжинд тоглох тэр жаахан охидыг миний бага байсан охид мөн байх вий гэж горьдон хардаг юм...

Зохиолч эмэгтэй Те Ниний “Өнө мөнх хэдий хол вэ” тууж ингэж эхэлдэг. Маш сонирхолтой сайхан зохиол. Зохиолын гол дүр Бай Дашэн. Хүнийг хайрлах, уучлах, хүлцэн тэвчих уужим сэтгэлтэй бүсгүй. Зохиолч, гол дүр Бай Дашэний бүтэлгүй хайрын түүхүүдийг өгүүлж, түүгээрээ дамжуулан олон арван хүний этгээд, хувиа хичээсэн, өөдгүй, урвамтгай, ашиг хонжооч, нэр төрд дуртай, завшаанч зан чанаруудын өргөн дэвсгэр дээр сайхан сэтгэлт, ууч зөөлөн эмэгтэй Бай Дашэний дүрийг урласан юм. Бай Дашэн бол хүний төлөө төрсөн тийм л хүн. Хүүхэд байхдаа л тийм байсан. Жаахан охин холоос ирсэн Жао ахад үхэн хатан дурлаж, түүний тоглуулдаг үлгэр шийд оролцмоор байвч, лаглайн сууж Мао даргын ном уншиж, бас хажуугаар нь настай хүн хүндлэхгүй яадаг муу бэлтрэг вэ гэж хараалгавч эмээгээ хүндлэх сэтгэлээр өөрийгөө барьж, тэвчиж, тэсэж сурна. Бай Дашэн ингэж л хүүхэд байхаасаа эхлэн өөрийгөө хоёрт тавьж, хүний ашгийг эхэнд тавьсаар үргэлж хохирч, ашигч завшаанч, хөнгөн амьдрал хайсан залууст хамаг итгэл сэтгэлээ өгч байгаа бүхнээ алдсаар л байдаг. Хайрлан дурлаж байсан залуу нь өөр бүсгүйтэй ханилж, эцэстээ өнөө эхнэртээ хаягдан, хүүхдээ тэвэрсээр Бай Дашэн дээр эргэж ирэхэд тэр мөн л хүлээж авна. Төрсөн дүү нь эхнэртэйгээ хуйвалдан байрыг нь булааж авахаар улайрна. Тэсэхээ байж, чи хүний хүнтэй нийлж төрсөн эгчээ дээрэмдэж байхдаа зүрх чинь өвдөхгүй байна уу гэж хашхирч байвч мөн л уучилна. Үеэл нь гэрт нь толгой хоргодох гэж ирээд, найз залууг нь урхидаж, Бай Дашэний орон дээр унтаж байгаад баригдана. Гэвч мөн л уучилна. Тэр хоёрт аз жаргал хүсээд амьдралаасаа явуулна. Бай Дашэн бол хүний төлөө амьдарч ирсэн бүсгүйн дүр билээ.

Зохиолч Те Нин “Өнө мөнх хэдий хол вэ” туужаа 2000 онд хэвлүүлж, 2001 онд Лү Шюний утга зохиолын шагнал, Лао Шэгийн утга зохиолын шагнал хүртсэн байна. Өнө мөнх хэдий хол вэ нэртэй олон ангит кино бүтээсэн байдаг.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn