Эдийн засгийн эрчимтэй байдлыг жилийн турш хадгална
Өмнөх нийтлэлээрээ та бүхэнд шинэ жилийн амралтын өдрүүдэд Хятадын хэмжээнд давхардсан тоогоор 130 сая жуулчин гадагш аялсан нь өмнөх жилийн мөн үеэс 155.3 хувь нэмэгдэж, Хятадын аялал жуулчлалын зах зээл нүргээнтэй байгаа талаар мэдээлсэн. Гараа сайн бол бариа сайн гэдэг билээ. Жилийн эхнээс Хятадын засгийн газрын холбогдох салбарууд эдийн засгаа хэрхэн бүтэн жилийн турш эрчимтэй хэвээр хадгалж, зах зээлийг цаашид тэлж, хэрэглээг өргөтгөх талаар бодлого боловсруулцгааж байна.
2024 онд Хятад улс дотооддоо эдийн засгаа шинэ шатанд гаргах таатай нөхцөлүүдтэй золгож байгаа юм. Өнгөрсөн жил Хятадын ажилгүйдлийн дундаж 5.2 хувь байж, бүтэн жилийн ДНБ дунджаар 5 хувиар өсөн нэмэгдсэн. Өдгөө Хятадад ажил олголтын түвшин ерөнхийдөө тогтвортой, бараа бүтээгдэхүүний үнэ өсөлт зогсонги, олон улсын орлого зарлага тэнцвэртэй байна.
2023 онд дэлхий дахинд инфляцын дарамт их байсан тул голлох хөгжингүй эдийн засгууд мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлсэн юм. 2024 онд дэлхийн эдийн засаг цар тахлын дараах хоёрдох мөчлөгтэйгөө нүүр тулж, Америк зэрэг хөгжингүй улс орнууд эдийн засгаа сэргээж, ажлын байр бий болгох зорилгоор мөнгөний чөлөөтэй бодлого хэрэгжүүлж байна. Америкийн холбооны нөөцийн сан 2024 онд мөнгөний хүүгээ 4 удаа бууруулж магадгүй байна. Энэ нь Хятадын зах зээл болон эдийн засгийн бодлогод эерэг нөхцөл бүрдүүлж байна.
Гэвч нөгөө талаар өдгөө Хятад улсын хувьд эдийн засгийн үр ашигтай эрэлт хэрэгцээ дутмаг байж, зарим аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүний борлуулалт зогсонги байдалд байна. Олон улсын хувьд геополитикийн нөхцөл байдал болон худалдааны маргаан, худалдааны ивээх үзлийн нөлөөгөөр олон улсын худалдаа төдийлөн сайн биш байна.
2024 онд Хятад улс дотоодын эрэлт хэрэгцээгээ тэлэн өргөтгөх гол зорилтыг тавьсан. Үүнд чиглүүлэн санхүүгийн идэвхитэй бодлого хэрэгжүүлж байна. Үндэсний хэмжээний мега төслүүдийн санхүүгийн баталгааг хангах, шинжлэх ухаан технологийн инновац болон тэргүүний үйлдвэрлэх хүчин чадлыг сайжруулах, жижиг дунд аж ахуйн нэгжийг зээл тусламж, татвар хураамжийн талаар дэмжих бодлого хэрэгжүүлж байна. Ялангуяа 1 их наяд юанийн төрийн фонд гаргаж, орон нутгийн хуримтлагдсан өрийг дарахын тулд 1.5 их наяд юанийн тусгай фонд зарцуулж, санхүүгийн алдагдлыг 3.5-3.8 хувийн хооронд тогтоон барих төлөвлөгөөтэй байна. Улсын төсөвт хангалттай хөрөнгө төвлөрсөн тул эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд ерөнхийдөө хүндрэл учрахгүй гэж эдийн засагчид тооцож байгаа юм.
2024 онд Хятад улс улам өндөр түвшинд гадаадад нээлттэй байж, АПЕК-ийн орнуудтай RCEP зэрэг чөлөөт худалдааны хэлэлцээрийг цаашид хэрэгжүүлж, импорт экспортоо тэлэн өргөтгөн, "Бүс ба зам"-ын хүрээнд олон улстай эдийн засгийн далайцтай хамтын ажиллагаа өрнүүлэх болно. Дотооддоо ногоон аж үйлдвэр, дижитал технологи, шинжлэх ухаан технологийн иновацид тулгуурласан салбарыг түлхүү хөгжүүлж, хувийн хэвшлийг дорвитой дэмжиж, орон сууц, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд салхи оруулж, хэрэглээг цаашид тэлэн өргөжүүлсэнээр эдийн засаг маань жилийн дөрвөн улиралд жигд өсөн нэмэгдэх хэтийн төлөв харагдаж байна.