НАТО-гийн дээд хэмжээний уулзалт Украинд урилга илгээж чадсангүй
Украиныг НАТО-д элсүүлэх асуудлаар НАТО-гийн гишүүн орнуудын хооронд илэрхий санал зөрөлдөөнтэй байна. Энэ сарын 11-ний өдөр НАТО-гийн Вильнюсын дээд хэмжээний уулзалтаас гаргасан мэдэгдэлд НАТО-д элсүүлэх урилгыг Украинд гаргаж өгөөгүй гэв.
Хоёр өдөр үргэлжлэх НАТО-гийн дээд хэмжээний уулзалт мөн өдөр Литвийн нийслэл Вильнюс хотод эхэллээ. Хэдийгээр дээд хэмжээний уулзалтын мэдэгдэлд "Украины ирээдүй НАТО-д байна" гэж мэдэгдэж, Украины цэргийн хамтын ажиллагаа, ардчилал болон аюулгүй байдлын салбарын шинэчлэл зэрэгт гарсан ахиц дэвшлийг үргэлжлүүлэн дэмжиж, дүгнэх болно хэмээн мэдэгдсэн ч Украиныг НАТО-д элсүүлэх цаг хугацааг заагаагүй байна. Дээд хэмжээний уулзалтын мэдэгдэлд НАТО зөвхөн "Гишүүн орнууд зөвшөөрч, болзлыг бүрэн хангасан үед" сая Украиныг НАТО-д элсүүлэх урилга гаргана хэмээн онцолжээ.
НАТО-гийн гишүүн орнууд мөн НАНО-Украины зөвлөл байгуулснаа дээрх мэдэгдэлд зарлаж, Украинд үзүүлэх олон жилийн тусламжийн төлөвлөгөөний талаар тохиролцоонд хүрсэн байна. Түүнчлэн НАТО-гийн гишүүн орнууд хүйтэн дайн дууссанаас хойших НАТО-гийн бүс нутгийн батлан хамгаалалтын хамгийн өргөн цар хүрээ бүхий төлөвлөгөөг баталж, 300 мянган цэргээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулахаар төлөвлөжээ. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2-оос доошгүй хувийг үндэснийхээ батлан хамгаалах салбарт зарцуулахаа НАТО-гийн гишүүн орнууд амласан байна.