Жао Лэжи ерөнхий сайдуудтай уулзав
БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лэжи өчигдөр Бээжинд Барбадосын Ерөнхий сайд Миа Мотли, Шинэ Зеландын Ерөнхий сайд Крис Хипкинс, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Вьетнамын Ерөнхий сайд Фам Мин Тхан нартай уулзжээ.
Жао Лэжи Барбадосын Ерөнхий сайд Мотлитэй уулзахдаа, БХАТИХ Барбадосын хууль тогтоох байгууллагатай олон талаар харилцаа холбоо тогтоож, хууль тогтоомж, засаглалын талаар туршлага солилцож, харилцан суралцахад бэлэн байна. Мөн Хятад улс өөрийн хөгжлөө бусад оронтой нягт холбож, хамтын хөгжлийг эрэлхийлж, хоёр орны харилцааг өндөр түвшинд хүргэхийн тулд Барбадостай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно гэжээ.
Мотли хэлэхдээ, Барбадос Хятадын харилцаа маш чухал юм. Цар тахалтай тэмцэх, эдийн засгаа хөгжүүлэн ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд Хятад улс үнэтэй тусламж үзүүлсэнд бид гүнээ талархаж, Хятадаас суралцаж, хоёр талын болон олон талт үйл хэрэгт нягт хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ.
Шинэ Зеландын Ерөнхий сайд Хипкинстэй уулзахдаа Жао Лэжи, Хятад Шинэ Зеланд дипломат харилцаа тогтоосон 50 жилийн хугацаанд, хоёр орны харилцаа баялаг үр дүнд хүрч, хоёр орны ард түмэнд асар их үр өгөөж хүртээлээ. Хятад улс Шинэ Зеландыг Хятад маягийн шинэчлэлийн зам дахь хамтын ажиллагааны чухал түнш гэж үздэг бөгөөд хоёр орон харилцан итгэлцэж, харилцан ашигтай, харилцан суралцах зарчмыг баримталж, шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам цаашид хөгжүүлэх ёстой гэж боддог. БХАТИХ, Шинэ Зеландын парламенттай хамтран ажиллаж, хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх хүрээнд хууль тогтоох салбарын солилцоог бэхжүүлж, хамтын ажиллагааны хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд бэлэн байна гэв.
Хипкинс хариу хэлэхдээ, хагас зуун жил үргэлжилсэн хоёр орны дипломат харилцаа дээд түвшний хэлхээ холбоогоо хадгалж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ эрч хүч сэлбэсээр ирлээ. Шинэ Зеланд "Нэг Хятад"-ын зарчмыг тууштай баримталдаг. Хятад улстай соёл, эдийн засаг, худалдааны талаар гүнзгий хамтран ажиллаж, хууль тогтоох байгууллагуудын солилцоог эрчимжүүлж, хоёр орны харилцааг тасралтгүй урагш хөгжүүлэхэд бэлэн байна гэв.
Байнгын хорооны дарга Жао Лэжи, Монгол улсын ерөнхий сайд Оюун-Эрдэнэтэй уулзахдаа, Хятад, Монгол хоёр орон бол алтаар солихгүй сайн хөрш. Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, шинэчлэлийн замаар гар нийлэн, өөр өөрийн хөгжлийн стратегиэ үр дүнтэй холбож, хамтын хөгжил цэцэглэлтийг бий болгож, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд гаргах ёстой. БХАТИХ, Монголын УИХ-тай харилцаа холбоогоо эрчимжүүлж, экологийн соёл иргэншил, ядуурлаас ангижруулах чиглэлд засаглалын туршлагаа хуваалцаж, хоёр талын олон салбарын хамтын ажиллагаанд эрх зүйн таатай орчин бүрдүүлж, хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг цаашид хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг Монгол улс дээд хэмжээнд чухалчилдаг. Түүнчлэн "Нэг Хятад"-ын зарчмыг баримтлан, Хятадын талын дэвшүүлсэн Дэлхийн хэмжээний олон санал санаачилгыг тууштай дэмжиж ирлээ. Улс орон, намаа удирдах Хятад улсын туршлагаас суралцаж, хамтын хөгжилд хүрэхийг хүсэж байна. Мөн Хятад улстай хууль тогтоох байгууллага хоорондын солилцоог гүнзгийрүүлж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааны эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхэд Монгол улс бэлэн байна гэжээ.
Жао Лэжи Вьетнамын Ерөнхий сайд Фам Мин Тхантай уулзахдаа, Хятад Вьетнам бол социалист найрсаг хөрш юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон Вьетнамын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фук Трун нарын дэвшүүлсэн стратегийн чиглэл дагуу Вьетнамтай уламжлалт найрамдлаа бататгаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг цаг үеийн шинэ агуулгаар дүүрэн байлгахад Хятад улс бэлэн байна. Мөн БХАТИХ, Вьетнамын Үндэсний хуралтай хамтдаа хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, социалист ардчилсан улс төрийг тасралтгүй урагш хөгжүүлэхийн тулд хүчин зүтгэхэд бэлэн байна гэв.
Фам Мин Тхан хэлэхдээ, Хятадын хөгжил бол дэлхий дахины боломж юм. Манай улс Хятад улстай найрсаг харилцаагаа хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгосоор ирсэн. Вьетнамын тал "Нэг Хятад"-ын бодлогыг тууштай баримталж, Хятадын талтай солилцоо хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бүс нутгийн тогтвортой байдлыг хамтдаа хамгаалж, хөгжил цэцэглэлтэд хүрэхийг хүсэж байна гэжээ.