Шинжаантай холбоотой асуудлаар хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлэв
6-р сарын 21-нд Хятадын ГХЯ-ны хүний эрхийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ян Шяокун НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 53-р чуулганд хариу мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж, Шинжаан, Төвд, Хонконгтой холбогдсон асуудлаар хатуу байр сууриа илэрхийлж, Их Британи, Австрали мэтийн цөөн хэдэн орон болон Хятадыг эсэргүүцэгч төрийн бус байгууллагууд Хүний эрхийн зөвлөлийн тавцанг урвуулан ашиглаж, худал мэдээлэл тарааж, Хятадыг гүтгэн харлуулж байгааг эрс зэмлэн буруушаасан байна.
Ян Шяокун хэлэхдээ, Хятад улс хүн төвтэй шударга ёсыг баримталж, цаг үеийн чиг хандлагад нийцсэн мөртөө улс орныхоо нөхцөлд тохирсон хүний эрхийн хөгжлийн замаар тууштай замнаж, Хятадын орчин үеийн хөгжлийг ахиулах үйл явцад хүний эрхийг хамгаалах түвшинг тасралтгүй дээшлүүлж, хүмүүсийн эрх чөлөөтэй, иж бүрэн хөгжлийг дэмжиж, хүний эрхийн салбарт ололт амжилттай байгаа нь бүгдэд ойлгомжтой. Эдүгээ Шинжаан, Төвдийн эдийн засаг тасралтгүй хөгжиж, нийгэм нь эесэг зохицонгуй мөртөө тогтвортой байж, хүний эрхийн салбарын хөгжил түүхэн дэх хамгийн сайхан үедээ байна. Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжсэний дараа, Хонконгийн оршин суугчдын үндсэн эрх болон эрх чөлөө үнэнхүү баталгаажиж, шүүхийн бие даасан байдал болон үндэсний аюулгүй байдал үр дүнтэй хамгаалагдсан байна. Хүний эрхийн зөвлөлийн 51-р чуулган Шинжаантай холбоотой шийдвэрийн төслийг эрс эсэргүүцэж, зуу шахам орон Шинжаан, Төвд, Хонконгтой холбоотой асуудлаарх Хятадын шударга байр суурийг Хүний эрхийн зөвлөл дээр дараалан дэмжсэн зэрэг нь олон улсын хамтын нийгэмлэг Хятадын байр суурийг бүрэн дэмжиж байгааг баттай нотолсон юм гэжээ.
Ян Шяокун хэлэхдээ, Их Британи, Австрали зэрэг цөөн тооны улс орон худал үг, цуу яриаг байнга давтаж, өөрийн улс төрийн явуулга болон хорон санаагаа улам илчилсэн байна. Эдгээр орнууд хуурамч байдал, бардам зан хийгээд өрөөсгөл үзлээсээ татгалзаж, хүний эрхийн асуудлыг улстөржүүлэн хэрэгсэл болгохоо зогсоож, өөрсдийн орны хүний эрхийн асуудлаа нухацтай шийдвэрлэхэд хүчин чадлаа зарцуулж, хүний эрхийг жинхэнэ ёсоор дэмжин хамгаалахыг Хятадын тал ятган сануулж байна.