"Долан" -ы зураачид
“Долан” хэмээх уйгар үг нь “Төвлөрсөн”, “Олноороо суурьшсан” гэдэг утгатай. Хятадын баруун хойд хэсгийн Такламакан элсэн цөлийн хөвөөнд буй Шиньжяны Кашгар нутгийн Маркит сянь орчимд буй уйгар үндэстний ард олон олноор төвлөрөн суурьшсан аймаг бүлгийн нэрийдэл юм. Маркит сянь нь Доланчуудын уугал нутаг бөгөөд Доланы соёлын өлгий гэгддэг.
Тухайн нутгийн тариаланчдын уран зургийн бүтээлүүд бол Доланы соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг. Эдгээр бүтээлүүд голдуу өдөр тутмын амьдрал, үндэстний өв уламжлал, байгалийн үзэмж, сайн сайхан амьдралын тухай хүсэл мөрөөдлөөр сэдэвлэсэн бөгөөд хөдөө нутгийн ард олны дундаас гаралтай, уран бүтээлчдийн амьдралаас ургуулсан уран сэтгэмж, зохиомжоор баяжуулсан юм. Доланы зураачид үеэс үед Такламакан элсэн цөлийн хөвөөгөөр аж төрөн амьдарсаар ирсэн тул “зүйл бүрийн өнгө үзэмж”-ийг уран бүтээлдээ гайхалтай тусгадаг. Тэд эх нутгийнхаа өөдлөн хөгжиж буй амьдралын дүр төрхийг харуулж, Шиньжяны аз жаргалтай, сайн сайхан амьдралыг илүү олон хүмүүст танилцуулсаар байна.
“Би бага байхаасаа л Долан нутгийнхаа тариачдын дундаас төрсөн агуу зураачдын ур чадвараас суралцсан. Маркитийн Доланчуудын аж амьдал бол бидний уран бүтээлийн гол сэдэв болсоор ирсэн. Миний энэ жижигхэн бүтээлийн хувьд гэвэл, би багадаа амьдарч байсан хашаа хороогоо дүрсэлсэн юм. Намайг багад айлуудын хашаа иймэрхүү л байсан. Бид хашаандаа цэцэг жимс, ногоо тарьдаг байлаа. Маркит нутгийн тариаланчдын зургуудын ихэнхэд нь тод өнгө давамгайлдаг. Тэдний эрхэмлэдэг эдгээр өнгөнүүд яг бидний зан чанарыг илэрхийлдэг. Шиньжяныхан их цог жавхаатай, зочломтгой зан чанартай. Тиймээс бидний зургууд маш тод өнгөтэй байдаг. Зураачдын зурж байгаа эдгээр тоорой мод бол нутгийн онцлог, бид нутгийнхаа өнгө үзэмжийг зурах дуртай. Уран бүтээлд бидний амьдрал тусгагдсан. Үзэсгэлэнгийн тэнхимд байгаа бүтээлүүдийг бүгдийг нь тухайн нутгийн уран бүтээлчид зурсан. Өөрсдийн оршихуй, сайн сайхан амьдралаа уран бүтээлдээ тусгасан юм” гэж нутгийн зураач Минавар манай сурвалжлагчид хэлжээ.
Уртнасан