Германчууд жагсжээ
Орон нутгийн цагаар 5-р сарын 1-нд ХБНГУ-ын олон газарт инфляцаас үүдэлтэй үнийн өсөлт, бодит орлого буурсныг эсэргүүцсэн томоохон жагсаал цуглаан болов. Германы канцлер Олаф Шольц хөдөлмөр хүчний хомстлын асуудлыг зохицуулахын тулд илүү олон бэлтгэл сургалт явуулахыг компаниудад уриалав.
Украины хямралын нөлөөгөөр Германд юмны үнэ өсөж, жирийн иргэдийн амьдрал асар их дарамтад орсон юм. Германы олон газар нутгаас ирсэн 12 мянга гаруй иргэд Берлинд жагсаж, засгийн газраас үнийг тогтворжуулахыг шаарджээ. Эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж цагдаагийн байгууллагаас мөн өдөр нийт 6000 гаруй цагдаагаар дэг журмыг хамгаалуулсан байна.
Эх сурвалжийн дагуу, өнгөрсөн онд Германд инфляцын түвшин 7.9 хувьтай байсан гэж Статистикийн үндэсний газар нь мэдээлсэн бол үнийн өсөлт энэ үзүүлэлтээс хол давсан гэж жагсагчид үзжээ.
Мөн өдөр Штутгарт, Гамбург, Бремен, Манхайм зэрэг Германы олон хотуудад томоохон цар хэмжээтэй жагсаал цуглаан болсноос Штутгартийн жагсаалд 20 мянга гаруй хүн оролцсон байна. Жагсаалын үеэр замбараагүй байдал үүссэнээр цагдаа нар нулимс асгаруулагч хий, бороохой, дрон ашиглан хэргийн газрын дэг журмыг хамгаалжээ.
Германы канцлер Олаф Шольц Мөн өдөр Германы үйлдвэрчний эвлэлийн холбооноос Кобленц хотод болсон жагсаалд оролцох үе хэлэхдээ, Герман одоо хөдөлмөр хүчний хомстолд ороод байна, компаниуд залуучууд, цагаачдыг бэлтгэл сургалтад хамруулах боломжийг нэмэгдүүлэх ёстой, эс тэгвээс Германы хөдөлмөр эрхлэлтийн асуудал "арав гаруй жил үргэлжилж магадгүй" гэжээ.