Окинаваг дахинтаа дайны талбар болгох ёсгүй
Дөрөвдүгээр сарын 26-ны өглөө Японы өөрийгөө хамгаалах хүчний олон гишүүн, олон машин унаа Окинава мужийн олон гарам, зээл гудамжинд ирснийг тус мужийн цөөн бус оршин суугчид анхааралдаа авчээ. Японы засгийн газар энд "Патриот-3" пуужин байрлуулахаар зарласнаас улбаатай ийм явдал болжээ. Мөн өдөр Окинава мужид “Үндэсний шуурхай дохионы систем”-ийг хүлээн авах сургуулилт хийжээ. Чих дүлийрэм дуут дохио дуугарч эхлэхэд тус мужийн иргэд цочирдсон байдалд дахин оржээ. Японы засгийн газар цэргийн бэлтгэлээ тасралтгүй өргөжүүлсээр байгаа нь “Энх тайвны үндсэн хууль”-ийг зөрчсөн бөгөөд тухайн бүс нутгийн аюулгүй тогтвортой байдалд заналхийлэл авчирч байна гэж тухайн нутгийн мэдээллийн хэрэгсэл шүүмжилжээ.
Энх тайвныг хүссэн хүсэлтээ илэрхийлэхийн тулд энэ сарын 24, 25-нд Окинава мужийн парламентын гишүүдийн төлөөлөл Японы Батлан хамгаалах яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яамд мужийн парламентын баталсан энх тайвны дипломат харилцааны саналын шийдвэрийн бичгийг өгч, “Окинаваг битгий дахинтаа дайны талбар болго” гэсэн байна. Шийдвэрийн бичигт, Япон ноднингийн сүүлчээр шинээр баталсан “Аюулгүй байдлыг баталгаажуулах гурван баримт бичиг”-т эргэлзээтэй байгаагаа илэрхийлээд, Хятад Японы улс төрийн дөрвөн баримт бичигт тодорхойлсон зарчмуудыг журамлан сахиж, Хятад Японы найрсаг харилцааг ахиулж, яриа хэлцэл, дипломат харилцаагаар энх тайвныг эерэгээр бүтээн байгуулахыг Японы засгийн газарт шаарджээ.
Японы засгийн газраас Хятад улсын тухай гаргасан буруу томьёололд эргэлзээ төрж, орон нутгийн парламентын нэрийн өмнөөс ийм шийдвэрийн бичиг гаргасан нь Японы дотоодод анхны тохиолдол болжээ. Энэ нь Окинавагийн 1 сая 460 мянган иргэдийн хамтын дуу хоолойг тусгасан бөгөөд Японы дотоод дахь энх тайвны хүчний уриалгыг төлөөлж буй тул Японы засгийн газар дүлийгээр овлож болохгүй.
Сүүлийн жилүүдэд дэлхийн улс төрийн төлөв байдалд гүнзгий өөрчлөлт гарч байна. АНУ нь Хятад улсыг “хамгийн гол өрсөлдөгч”-өөр үзэж, НАТО нь Ази Номхон далайн бүсийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцох болсныг дагалдан Японы барууны улс төрийн хүчин “Энх тайвны үндсэн хууль”-д ахиц гаргах, милитаризмыг амилуулах боломж олдлоо хэмээн андуурч байна. Тэд “Хятадын заналхийлэл” гэгчийг тасралтгүй хөөрөгдөн, батлан хамгаалахын зардлаа ихээр өсгөж, довтолгооны шинж чанартай зэр зэвсэг хөгжүүлж, дайсны эсрэг цохилт өгөх хүчин чадалтай болохыг сүвэгчилж, дайны дараах олон улсын дэглэмийг бусниулахаар хуйвалдаж байна.
Стокгольмын энх тайвны судалгааны олон улсын хүрээлэнгийн энэ сарын 24-нд нийтэлсэн тайлангаас харахад, 2022 онд Японы батлан хамгаалах зардал 5.9 хувь нэмэгдсэн нь 1960 оноос хойших хамгийн өндөр түвшин болжээ. Японы засгийн газар саяхан боловсруулсан "Далайн үндсэн төлөвлөгөө"-ний шинэ төсөлдөө, “Хятад улсаас сэрэмжлэх” гэгчийг хойшдын таван жилийн далайн аюулгүй байдлын бодлогынхоо зарчим болгосон байна. Японд саяхан зохион байгуулагдсан 7-гийн бүлгийн гадаад харилцааны сайд нарын хурал хамтарсан мэдэгдэл гэгчийг гаргаж, Тайваний асуудлын талаар элдвийг ярьж, Хятад улсын дотоод засаглалд илээр хөндлөнгийн оролцоо хийжээ. Японы засгийн газрыг “Энх тайвны үндсэн хууль”-ийн үзэл ойлголтоос няцаж, “өөрийгөө хамгаалах” зарчим нь хоосон цаас төдий болсон гэж цөөн бус шинжээчид үзэж байна.
Дайны хор хөнөөлд гүн нэрвэгдсэн Окинавагийн ард олон энэ бүхэнд маш их сэтгэл түгшиж байна. Түүхэнд Окинава нь бие даасан Рюкю эзэнт гүрэн байв. 1879 онд Япон улс Рюкюг эзлэн авч, Окинава муж байгуулжээ. Дэлхийн II дайны үед болсон Номхон далайн дайны хамгийн хурц ширүүн тулалдаан болсон Окинавагийн байлдаанд Окинавачуудын бараг 14 нь аз бусаар амиа алджээ.
Дэлхийн II дайны дараа Окинаваг АНУ “захирчээ”. 1971 онд АНУ, Япон “Окинаваг буцаан өгөх гэрээ”-нд дур зоргоор гарын үсэг зурж, дараа жилийн 5 дугаар сард нь АНУ нь Окинавад засаг хэрэгжүүлэх эрхийг Японд шилжүүлэн өгсөн боловч Японд суугаа Америкийн армийг хэвээр үлдээжээ. Японы нутаг дэвсгэрийн талбайн 1 хувьд ч хүрэхгүй Окинавагийн газар нутаг дээр Японд суугаа Америкийн армийн 70 хувь шахам нь өнөөдрийг хүртэл байрлаж байна. АНУ-ын эдгээр цэргүүд хуульд үл захирагдах эрх эдэлдэг бөгөөд олон жилийн туршид аюулгүй байдлын олон удаагийн осол, гэмт хэрэг үйлдсэн нь тухайн нутгийн ард олонд гай зовлон авчирсаар байна.
Дайны хор хөнөөлийг хантал амссан Окинавагийн ард олон энх тайван юунаас ч эрхэм нандин гэдгийг сайн мэднэ. Тухайн нутгийн парламент энэ шийдвэрийн бичгийг өргөн дэвшүүлж, тэд Японы засгийн газар цэргийн хүчээ өргөжүүлсээр буйд дургүйцэж, эргэлзээ төрж байгаа, түүнчлэн Хятад Японы найрсаг харилцаа хийгээд бүс нутаг энх тайван байхыг хүссэн хүсэлтээ илэрхийлжээ. Японы олон хотуудын иргэдийн баг хамт олон ч ирэх сарын 21-нд энх тайвны томоохон цуглаан өрнүүлж, өөрийгөө хамгаалах хүчин Окинавад пуужин байрлуулахыг эсэргүүцэж, “Окинаваг битгий дахин дайны талбар болго” хэмээн уриалахаа энэ сарын 24-нд мэдэгджээ. Окинавагийн тухай нутгийн мэдээллийн хэрэгсэл “Рюкю сонин” саяхан гаргасан нийтлэлдээ, Хятад улс бол Японы эдийн засгийн хамгийн том түнш, харилцан бие биедээ зайлшгүй шаардлагатай. Хятад Япон хоёр орны хурцадмал байдлыг чармайн намжааж, хамгийн их хүчин чармайлтаар энх тайвныг эмхлэн байгуулах ёстой гэж тэмдэглэжээ.
Окинавагийн ард олонд пуужин бус, харин энх тайван хэрэгцээтэй байна. Тэдний гаргасан зүй ёсны хүсэлт шаардлагыг Японы засгийн газар нямбай сайтар хүлээн сонсох нь зүйтэй. Хятад Японы харилцааны харш саад, сөрөг нөлөөг хэрхэн арилгахыг Японы засгийн газар нэн илүү тунгаан бодох ёстой.
Уртнасан