Номхон далай Японы хогийн цэг биш
4 дүгээр сарын 22-нд “Эх дэлхийн өдөр”, мөн “Дэлхийн хууль зүйн өдөр” тохиож, олон орны иргэний байгууллагууд болон байгаль хамгаалагчид жагсаал цуглаан зохион байгуулж, Японы засгийн газар Фукушимагийн цөмийн цахилгааны станцын бохир усаа далайд цутгах төлөвлөгөөг эсэргүүцжээ.
Саяхан “Greenpeace” байгаль орчныг хамгаалах ТББ нийтлэлдээ, цөмийн бохир усыг далайд цутгана гэсэн Японы засгийн газрын шийдвэр нь “НҮБ-ын тэнгис далайн конвенц” зэрэг олон улсын хуулийг зөрчсөн бөгөөд цөмийн бохир усыг далайд цутгахын хүрээлэн буй орчинд учруулах сөрөг үр нөлөөнд үнэлгээ хийх олон улсын үүргээ Япон улс биелүүлсэнгүй гэж шүүмжилжээ.
Гэвч харамсалтай нь Японы засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцлийг үл хайхран, ОУАЭХА үнэлгээний тайлан гаргаж амжаагүй байхад цөмийн бохир усаа далайд цутгах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр зүтгэсээр байна.
Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Ясүтоши Нишимура энэ сарын 20-ны өдөр онцлон тэмдэглэхдээ, цөмийн бохир усыг далайд цутгах гүний хонгил малтах ажлыг ирэх 6 дугаар сард дуусгаж, 7 дугаар сараас албан ёсоор цөмийн бохир усыг далайд цутгаж эхлэх боломжтой гэв. Фукушима мужийн захирагч Масао Учибори 23-ны өдрөөс эхлэн Европт айлчлах бөгөөд олон нийттэй харилцах, лобби хийх замаар цөмийн бохир усыг далайд цутгах төлөвлөгөөнд G7-ын бүлгийн дэмжлэгийг авахыг зэхэх юм.
Японы засгийн газар цөмийн бохир усыг хэрхэн зөв зохицуулж шийдвэрлэхэд анхаарлаа хандуулалгүй, харин бохир усаа далайд цутгах төлөвлөгөөний хор хөнөөлийг нуун дарагдуулахын тулд тархи толгойгоо гашилгаж, бусад орны дэмжлэг авахыг оролдсоор байгаа нь эмгэнэлтэй байна.
Ер нь цөмийн бохирдсон усыг далайд цутгасан тохиолдол өмнө нь байгаагүй. 2011 онд болсон Фукушимагийн цөмийн осол нь өнөөг хүртэл хамгийн ноцтой цөмийн ослын нэг байж, бохирдсон усанд 60 гаруй төрлийн цацраг идэвхт бодис агуулагддаг. Токиогийн цахилгаан эрчим хүчний компани 2022 онд одоогийн технологи нь цөмийн бохирдсон усан дахь тритиум болон бусад цацраг идэвхт элементүүдийг арилгаж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Францын нийтэлсэн судалгааны дүнгээс харахад, тритиум нь усны амьтдын ДНХ (Дезоксирибонуклейн хүчил) болон нөхөн үржихүйн системийг хордуулах юм байна. Түүнчлэн эдгээр цацраг идэвхт бодис далайд цутгагдсаны дараа далайн орчныг бохирдуулж, хүнсний гинжин хэлхээгээр дамжин нөөцлөгдөн хуримтлагдаж, улмаар хүний эрүүл мэнд, экологийн орчныг сүйтгэдэг болохыг олон судалгаа нотолжээ.
Одоогийн байдлаар Фукушимагийн цөмийн цахилгаан станцад 1.3 сая гаруй тонн цөмийн бохирдсон ус хадгалагдаж, өдөр бүр 100 гаруй тонноор нэмэгдсээр бөгөөд сүүлийн 30 жил юм уу бүр урт хугацаанд бохир ус гаргах юм байна. Цөмийн бохирдсон усыг гүний давхаргад шахах, ууршуулах, устөрөгч гаргах, газар доор булах гэх мэт сонголтууд Японы засгийн газарт бий ч тэд мөнгөө хэмнэж, асуудлыг “амар зохицуулах”-ын төлөө шууд далайд цутгах шийдвэр гаргаж, ингэж хийх нь “ямар ч аюул эрсдэл дагуулахгүй” хэмээн мэдэгдсэнд олон нийт эргэлзэж, шүүмжлэл дагуулсан юм.
Энэ оны “Эх дэлхийн өдөр” “Гараг дэлхийдээ хөрөнгө оруулъя” уриан дор болж байна. Дэлхий нийтээрээ эрүүл тогтвортой эдийн засгийг хөгжүүлэхийг НҮБ уриалж байна. Цөмийн бохир усыг далайд цутгах нь зөвхөн Японы ганц талын учир биш, харин ч нийт хүн төрөлхтний тогтвортой хөгжилд холбогдсон “том чухал үйл явдал” юм. Ямартай ч номхон далай нь Японы бохироо зайлуулах хогийн цэг биш, харин олон улс орны ард түмний түшин амьдарч буй нөөц баялаг юм. Тиймд асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, цөмийн бохир усаа үнэнхүү аюулгүй аргаар шийдвэрлэхийг нийт хүн төрөлхтөн Японы засгийн газарт шаардаж байна.