Кентаккид 5 хүн буудуулж амиа алдлаа
АНУ-ын Кентакки мужийн Луисвилл хотод өчигдөр галт зэвсгийн хэрэг гарчээ. Хэргийн улмаас 5 хүн амиа алдаж, 9 хүн шархдаж, шархадсаөн хүмүүсийн гурвынх нь биеийн байдал маш хүнд байна хэмээн орон нутгийн цагдаагаас мэдээлсэн байна. Гал нээсэн этгээд буудалцааны үеэр мөн алагджээ.
Хэвлэлийн бага хуралд цагдаагийн төлөөлөгч хэлэхдээ, Луисвилл хотын төвд байх банкинд буудалцаан болсон. Гал нээсэн этгээд нь тус банкны ажилтан 23 настай цагаан арьст залуу байжээ. Цагдаа нар буудаж эхэлснээс хойш 3 минутын дараа хэргийн газар ирж, зэвсэгт этгээдтэй харилцан буудалцжээ. Зэвсэгт этгээд өөрийгөө буудсан уу, цагдаагийн суманд оногдсон уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Хоёр цагдаа шархдаж, нэг нь толгойдоо хүнд гэмтэл авсан, биеийн байдал тааруу байна гэж цагдаагийн газраас мэдээлжээ.
Он гарснаас хойш Америкт галт зэвсгийн хэрэг байнга гарч байна. Өнгөрсөн сарын 27-нд Теннесси мужийн Нэшвилл хотын сургуульд галт зэвсгийн хэрэг гарч, бага ангийн гурван сурагч, насанд хүрсэн 3 хүн үрэгдсэн. АНУ-ын "Галт зэвсгийн хүчирхийллийн архив" хэмээх цахим хуудас мэдээлснээр, 4 сарын 10-ны байдлаар, он гарсаар тус улсад 11500 гаруй хүн галт зэвсгийн хохирогч болж амиа алдсан, үүний 400 орчим нь хүүхэд байжээ.