MONGOL

Хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийв

CRIPublished: 2023-04-06 09:43:27
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн П.Цэгмид, БНХАУ-ын нэрт зураач Хуан Жяньнань нарын уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн Бээжин дэх Монгол Улсын ЭСЯ-нд нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэнг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яамны дэргэдэх Хятадын олон улсын уран зураг, урлаг судлалын холбоо, Нийтийн дипломат ажиллагаа ТББ-тай хамтран зохион байгуулжээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яамны холбогдох албан тушаалтнууд болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийгэмлэг, хувийн хэвшлийн байгууллагууд, чөлөөт уран бүтээлчид, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллөөс гадна гадаадын зарим улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны дипломатууд зэрэг нийт 120 гаруй зочин урилгаар оролцлоо.

ЭСЯ-ны Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг хамтарсан үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, “1952 онд анх зохиогдсон Монгол Хятадын найрамдлын 10 хоногийн аяны хүрээнд Хятадын соёл урлагийн төлөөлөгчид Монголд айлчилснаар хоёр улсын орчин цагийн соёлын харилцааны түүхийг эхлүүлж байсан. БНМАУ-ын урлагийн төлөөлөгчид 1953 онд БНХАУ-д хариу айлчлан тоглолт хийж, Хятадын ард түмэнд Монголын соёл урлагийг анх таниулсан. Энэхүү түүхэн арга хэмжээний 70 жилийн ойгоор Монгол Улсын СГЗ П.Цэгмид, Хятадын нэрт зураач Хуан Жяньнань нарын уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байгаа нь онцлог юм” хэмээн тэмдэглэв.

Соёл, урлагийн арвин баялаг түүхтэй манай хоёр орны хооронд соёлын солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжтой бөгөөд энэ удаагийн арга хэмжээ нь хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагаа, соёлын солилцоог эрчимжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа арга хэмжээнд оролцсон хүндэт зочид хэлсэн үгэндээ тэмдэглэсэн байна.

Үзэсгэлэн энэ сарын 7-ныг хүртэл ЭСЯ-ны Монголын соёл, мэдээллийн төвд үргэлжилнэ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn