MONGOL

Найрамдал, хамтын ажиллагаа, энх тайвныг эрхэмлэсэн төрийн айлчлал хийнэ

CRIPublished: 2023-03-17 18:01:27
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

БНХАУ-ын дарга Ши Жиньпин удахгүй ОХУ-д төрийн айлчлал хийх гэж байгаад холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 3 дугаар сарын 17-нд хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад, Оросын төрийн тэргүүн нар нягт харилцаатай явж ирлээ. Хоёр орны шинэ цаг эриний стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны түншийн харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлж, том гүрэн хоорондын харилцан итгэлцэл, хөрш хоорондын найрсаг харилцаа, хамтран ажиллагааны зөв замыг олж, олон улсын харилцааны шинэ үлгэр жишээ болсон юм. Ши Жиньпин дарга айлчлалын үеэр хоёр талт харилцаа, тэрчлэн олон улсын болон бүс нутгийн олон чухал асуудлаар ерөнхийлөгч Путинтэй санал бодлоо солилцож, хоёр орны стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр талт харилцааг шинэ эрч хүчээр сэлбэх юм.

Өдгөө зуун жилд тохиож байгаагүй том өөрчлөлтүүд гарч, дэлхий дахин тогтворгүй болоод байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн том гүрний хувьд Хятад, Оросын харилцаа нь маш чухал ач холбогдолтой юм.

Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал бол найрамдал, хамтын ажиллагаа, энх тайвныг эрхэмлэсэн төрийн айлчлал байх болно. Тухайлбал: Нэгд, хоёр орны харилцан итгэлцлийг улам бэхжүүлж, ойлголцлыг ойртуулж, хоёр ард түмний найрамдлын улс төрийн үндэс суурийг бэхжүүлнэ. Хоёрт, хоёр орны олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжиж, “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалт, Еврозийн эдийн засгийн холбооны уялдааг сайжруулна. Гуравт, хоёр талаараа эвсэл үл байгуулах, сөргөлдөхгүй байх, гуравдагч талд чиглэхгүй байх зарчмын дагуу олон талт үзлийг хамгаалж, олон улсын харилцааны ардчиллыг бэхжүүлж, олон туйлт дэлхийн тогтолцоог байгуулж, глобал засаглалыг боловсронгуй болгож дэлхийн хөгжил дэвшилд чухал үүрэг гүйцэтгэх болно. Түүнчлэн Украины асуудлаар Хятад улс бодит байдалд тулгуурласан шударга байр сууриа тууштай баримталж, эвлэрүүлж, хэлэлцээний ширээний ард суулгахын төлөө хичээн ажиллах болно" гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn