Хятадын аврах багийнхан цаг нартай уралдан ажиллаж байна
Туркийн цагаар хоёрдугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 45 минутад, Хятадын аврах баг, орон нутгийн аврах хүчинтэй хамтран Туркийн Хатай мужийн Антакья хотын төвд нурангинд дарагдсан нэг эмэгтэйг аварчээ. Уг эмэгтэйг аварснаар, Хятадын аврах багийнхан Туркийн газар хөдлөлтийн бүсэд очсоноос хойш нурангид гацсан дөрөв дэх иргэнийг амжилттай аварч байгаа нь энэ юм.
Хятадын аврах багийн ахлагч Жао Мин хэлэхдээ, “Одоо хамгийн хэцүү зүйл бол цаг хугацаа нэгэнт гурав хоногийг давчихлаа. Хэдийгээр хүний алтан амийг аврах 72 цаг өнгөрсөн ч 6-7 хоног, бүр цаашлаад Хятадын Вэньчуаньд болсон газар хөдлөлтөөс амжилттай аварч байсан мэтийн гайхамшиг гарч магадгүй хэмээн бодож байна. Энэ нутагт цаг агаар маш хүйтэн тул сүүлийн хэдэн хоногт амьд үлдэгсдийн байршлыг маш шуурхай, үр дүнтэй олж, мэргэжлийн болон шинжлэх ухааны аргаар аль болох хурдан аврах талаар хичээн ажиллаж байна” гэжээ.
Тэрээр хэлэхдээ,“Бидний өмнө тодорхой төлөвлөгөө байгаа гэж хэлэхэд хэцүү, үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж байна. Бид бүхий л боломжоороо эргэн тойронд аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Нурангинд дарагдсан хүмүүс биднийг хурдан ирж аврахыг хүсэх нь мэдээж юм” гэв.
Туркийн цагаар хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар, Хятадын 15 аврах багийн 288 ажилтан Туркийн газар хөдлөлтөд өртсөн бүс нутагт аврах ажиллагаанд оролцож байна.