Хятад Африкийн хамтын ажиллагааны төсөл барилгын ажлаа дуусгав
Этиопын нийслэл Адис Абебагийн өмнөд хэсэгт нэгэн орчин үеийн барилга цогцолбор сүндэрлэн босож, Хятад улсын тусламжаар байгуулж буй Африкийн Холбооны Африк тивийн халдвараас сэргийлэх төвийн төв байрны эхний хугацааны төсөл энэ сарын 11-нд барилгын ажлаа дуусгах ёслол хийлээ. Энд яг айлчлал хийж буй Хятадын ГХЯ-ны сайд Чинь Ган ёслолд оролцлоо.
Хятад Африкийн найрамдал, эв нэгтэй хамтын ажиллагааны бэлгэдэл болсон энэ барилга цогцолбор бол Ши Жиньпин даргын сүүлийн жилүүдэд олон удаа дурдан чухалчилсан Африк хоорондын хамтын ажиллагааны гол чухал төсөл, түүнчлэн Хятад Африкийн ирээдүйгээ хамтатган, гар нийлэн хамтдаа урагшиж буйн бодит зураглал болж, Хятад Африкийн эрүүл мэндийн хамтын цогцыг байгуулахад эрин цагийн шинэ үлгэр жишээг үлдээлээ.
Африк тивийн халдвараас сэргийлэх төвийн төв байрны ойролцоо байрлаж байгаа Вакжира Тотофа бол тухайн нутгийн жирийн нэгэн албан хаагч бөгөөд хоёр жил гаруйн хугацаанд тэрбээр тус төслийн барилга байгуулалтад санаа тавьсаар иржээ. “Би хархан бага байхаасаа өвчин эмгэгээс тун их айдаг, өнгөрсөнд хумхаа өвчин ойр хамаатны маань амь насыг авч одсон. Африк тивийн өвчин эмгэгээс сэргийлэх төвийн төв байрны төсөл баригдаж дууссаныг сонсоод дотнын анд найзууд маань бүгдээрээ маш баярлаж байна. Энэ төсөл нь бидний эрүүл мэндийн нөхцөл боломжийг сайжруулах болно. Энэ төсөл бол Хятад улсаас Этиоп хийгээд Африкийн ард түмэнд бэлэглэсэн бэлэг, маш их талархаж байна” гэж Вакжира Тотофа хэлжээ.
Энэ төслийг Ши Жиньпин дарга удаа дараа дурдан чухалчилж, өөрийн биеэр урагш ахиулсан юм. 2018 онд Ши Жиньпин дарга Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалт дээр Африк тивийн өвчин эмгэгээс сэргийлэх төвийн төслийг гол чухал төсөл болгон бүтээн байгуулахыг мэдэгдсэн. 2020 онд цар тахлын халдвар дэлхий дахинд даамжирч байсан үед Ши Жиньпин дарга Хятад Африк эв нэгдэн цар тахлын эсрэг тэмцэх дээд хэмжээний тусгай уулзалт дээр, Хятадын тал товлосон хугацаанаасаа урьдчилан тус төвийн төв байрны барилгын ажлыг оны дотор эхлүүлнэ гэж зарласан юм.
Төслийн барилга байгуулалтын нийт талбай 20 мянган квадрат метрээс давна. Албан захиргааны бүс, түргэн хариу арга хэмжээ авах төв, мэдээллийн төв хийгээд биологийн туршилтын асар зэрэг дэд бүтцээр бүрдэнэ. Төсөл байгуулагдаж дуусснаар энэ төв нь Африк тивийн эх хуурай дахь орчин үеийн ажлын оффис, туршилтын нөхцөлөөр хангагдсан, дэд бүтэц нь боловсронгуй нийт Африк тивийн өвчин эмгэгээс сэргийлэх анхны төв болох бөгөөд Африк тивийн өвчин эмгэгээс сэргийлэх, оношлох, халдварын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хурдыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдлоо өгөх юм.
“Энэ төсөл нь Африк Хятадын найрсаг харилцааг бүрэн харуулсан бөгөөд Хятад улсаас олон нийтийн эрүүл мэндийн салбарт Африкт хандан хийсэн амлалтаа биелүүлсэн бодит нотолгоо боллоо” гэж Африкийн Холбооны зөвлөлийн дэд дарга Моник Нсанзабаганва тэмдэглэжээ.
Этиопоос НҮБ-д суугаа элчин сайд асан албан тушаалтан хэлэхдээ: “Хятад улсын анд найзууд бодит үйл ажиллагаагаараа Африкийн ард түмэнд тэд ямагт бидэнтэй хамт байдаг гэдгээ харууллаа. Африк Хятад олон нийтийн эрүүл мэндийн салбарт бат бөх түншийн харилцаа, найрамдлыг байгуулсан бөгөөд хойшид нэн илүү хамтран ажиллахыг хүсэн эрмэлзэж байна” гэжээ.
Уртнасан