Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг Хятад улс дэмжиж байна
2022 онд дэлхий нийтэд цаг агаарын эрс тэс уур амьсгал, байгалийн гамшиг ойр ойрхон тохиолдсоноос экологи, байгаль орчинд түгшүүрийн харанга дэлдлээ. Энэ оны тавдугаар сард АНУ-ын мэргэжилтэн дэлхийн агаар мандлын нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээ дээд цэгтээ хүрснийг хэмжиж гаргасан бол Антарктидын, Арктикийн, Гринландын мөсөн бүрхүүл, Евразийн уулсын мөсөн голууд хурдацтай хайлж байгаа зэрэг харамсалтай мэдээнүүд үргэлжилсээр байна. Дэлхийн цаг уурын байгууллагын “Дэлхийн уур амьсгалын байдал-2022” завсрын тайланд, энэ онд хэт халалт, ган гачиг, үер усны гамшигт олон сая хүн өртсөн, олон тэрбум долларын эд хөрөнгийн хохирол учирсан гэж онцолжээ.
2022 онд дэлхийн дундаж температур 1850-1900 оны аж үйлдвэржилтийн өмнөх үеийн дунджаас 1.15 хэмээр өндөр байна гэж мэргэжилтэн тооцоолон гаргажээ. Уур амьсгалын өөрчлөлт нь одоогоор бид бүхний өмнө тулгарч буй аюул заналхийлэл болоод байгаа бөгөөд хөгжсөн орон ч, хөгжиж буй орон ч бүгд энэ байдалтай тулгарч байгаа юм.
Тэгвэл хүн төрөлхтөн үүнийг хэрхэн даван туулах ёстой вэ? Хариулт нь ердөө л “Хамтран ажиллах”. Олон улсын хууль дүрмэнд дэлхийн улс орнууд “Нийтлэг боловч улс орны нөхцөл байдалд үндэслэсэн ялгаатай үүрэг хариуцлага хүлээх ёстой” гэж маш тодорхой заасан байна. Энэхүү хариуцлагаа хэрхэн хуваарилах, аль салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар гадаад дотоодын мэргэжилтнүүд үзэл бодлоо илэрхийлсээр байна.
Нигерийн Байеро их сургуулийн газарзүйн профессор Али Пате хэлэхдээ, “Түүхэн нөхцөл байдлаас үзэхэд, өндөр хөгжилтэй орнуудын аж үйлдвэржилтийн үйл явц нь уур амьсгалын өөрчлөлтийг үүсгэсэн гол шалтгаан болж байна. Харин эсрэгээрээ уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөл үзүүлээгүй хөгжиж буй орнууд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг маш ихээр үүрч байна” гэлээ.
Найроби их сургуулийн Дипломат ёсзүй, олон улсын судлалын тэнхимийн байгаль орчны мэргэжилтэн Саара Чаудри, “Өндөр хөгжилтэй орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгахад гол үүрэг гүйцэтгэх ёстой. Тэд ихэнх хөгжиж буй орнуудаас илүү санхүүгийн болон технологийн чадавхтай учраас уг асуудлыг шийдвэрлэхэд илүү хариуцлага хүлээх нь зөв” гэсэн байна.
Гэсэн хэдий ч зарим өндөр хөгжилтэй орнууд өнгөрсөн хугацаанд их хэмжээний хүлэмжийн хийн ялгаруулалтаа үл тоомсорлож байгаа төдийгүй хөгжиж буй орнуудад учруулсан хохирлоо ч хайхрахгүй байгаа юм. Тэд хөгжиж буй орнуудын эдийн засаг, эрчим хүчний салбарын хөгжлийн эрх, бодит хэрэгцээг үл тоож, дэлхийн нүүрстөрөгчийн ялгаруулалтын гуравхан хувийг эзэлж буй Африктай адил үүрэг гүйцэтгэх болно гэсэн ёс бус шаардлага тавьсан байна.
Хятад улс олон улсын хуульд заасан “Нийтлэг боловч улс орны нөхцөл байдалд үндэслэсэн ялгаатай үүрэг хариуцлага хүлээх ёстой” гэсэн зарчмыг дэмжсээр ирсэн бөгөөд хөгжлийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагааг дэмжсээр байгаа юм. Энэ оны 11-р сард Египетийн Шарм Эль-Шейх хотноо “НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенц”-д нэгдэгчдийн 27-р бага хурал болсон бөгөөд 200 гаруй улс орны төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрхэн хариу арга хэмжээ авах талаар хэлэлцээ хийсэн байна. Хоёр долоо хоног үргэлжилсэн хэлэлцээний үр дүнд “Улс орнууд 'Алдагдал, хохирол' сан байгуулахаар нийтлэг ойлголтод хүрсэн бөгөөд уг санг цаг агаарын ноцтой хохиролд өртсөн эмзэг буурай хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор ашиглана” хэмээн санал нэгджээ.
Уг санг байгуулах нь хөгжиж буй орнуудын хувьд маш чухал ач холбогдолтой аж. Үүнтэй холбогдуулан мэргэжилтнүүд өөр өөрийн байр сууриа илэрхийллээ. Нигерийн Байеро их сургуулийн газарзүйн профессор Али Пате хэлэхдээ, “Талууд сүүлийн 30 жилийн турш уг асуудлаар хэлэлцээ хийсээр ирсэн ч хөгжиж буй орнуудад чухал ач холбогдолтой хэлэлцээр батлаагүй юм. Харин өнөөдөр ийм том сан байгуулахаар тохиролцоонд хүрсэн нь Африкийн улс орнуудын хувьд ялалт байгуулсан гэсэн үг. Уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг шийдвэрлэх нь дэлхий нийтэд үр өгөөжөө хүртээж буй хэрэг болно” гэжээ.
Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Хятад-Африкийн хүрээлэнгийн судлаач Жү Вэйдүн, “Алдагдал, хохирлын сан” нь COP27-ын хүрээнд гаргасан маш том амжилт бөгөөд хөгжиж буй орнуудын хувьд олсон чухал ялалт, мөн ч дэлхийн өөрчлөлтийн эсрэг хийсэн чухал алхам болно” гэв.
Найроби их сургуулийн Дипломат ёсзүй, олон улсын судлалын тэнхимийн байгаль орчны мэргэжилтэн Саара Чаудри, ”Олон улсын хуулийн комиссоос 2001 онд баталсан "Аюултай үйл ажиллагаанаас үүдсэн хил дамнасан хохирлоос урьдчилан сэргийлэх тухай төсөл"-д “Бохирдол үүсгэсэн тал нь төлбөр тооцоо хийх ёстой” гэсэн зарчмыг хуульчилж, бохирдлоос болсон аливаа хор уршгийг тухайн үйл явдлыг үүсгэгч тал хариуцах ёстой гэж тодорхой заасан байдаг. Энэ нь “Хохирол, алдагдал сан”-гийн үйл ажиллагаа явуулах үндсэн зарчим болох боломж маш өндөр байгаа. Мөн уг санг байгуулснаар өнөөгийн цаг уурын санхүүжилтийн тогтолцооны цоорхойг нөхөх боломжтой гэж үзэж байна” гэлээ.
Өнөөгийн байдлаар өндөр хөгжилтэй олон орнууд геополитикийн зөрчил, эрчим хүчний хямралын улмаас уур амьсгалын эсрэг авч буй арга хэмжээ нь тогтворгүй байгаа. Харин Хятад улс хөгжиж буй хамгийн томоохон орны хувьд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд тууштай оролцсоор ирсэн юм. Энэ онд болсон ХКН-ын 20-р их хурлын шийдвэрээр, Хятад улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн засаглалд идэвхтэй оролцох болно гэсэн бөгөөд уур амьсгалын эсрэг авах цаашдын алхмуудыг төлөвлөсөн байна.
Он гарснаас хойш Хятад улс, хөгжиж буй орнуудтай хамтдаа дэлхийн уур амьсгалын засаглалын салбарт олон амжилт тогтоож, хөгжиж буй ихэнх орнуудад шаардлагатай технологи, тоног төхөөрөмж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм. Цаашид улс орнууд бүгд өөрийн хариуцах ёстой үүргээ гүйцэд ухамсарлаж, дэлхийн уур амьсгалын засаглалын үйл явцад өөр өөрийн хувь нэмрээ оруулцгаая.