Иргэдийн амьдрал буцалж эхэллээ
Омикроны мутацийн омгийн хоруу чанар, эмгэг төрүүлэгч чанар буурч, уушгины хатгалгаа, хүнд өвчлөлтийн эрсдэл нь томуунаас дор болсон учраас Хятад улс саяхнаас цар тахлаас урьдчилан сэргийлж хянах бодлогоо өөрчилж шинэчилсэн юм.
Цар тахлын хамгийн хүнд үеийг даван туулсан хүмүүс хэвийн ажил амьдралаа сэргээхийг хүсэн эрмэлзэж байсан бөгөөд хамгийн гол нь нийгэм, эдийн засгийг хурдацтай сэргээн хөгжүүлэх асуудалд анхаарлаа хандуулж байна. Зах зээлээ сэргээж, улмаар эдийн засаг, нийгмийн хөгжлийг дайчлах тухайд Хятад улс хэрхэн ажиллаж байгаа вэ?
Сүүлийн өдөр Хятадын олон нутгийн гуанз ресторан хэвийн ажиллагаагаа сэргээв. Жишээ нь өнгөрсөн баасан гарагийн 11 цаг гэхэд Чүнчин хотын Бишань дүүрэгт байрлах дүпүтэй шөлний гуанзанд олон хүн зоог барьчихаж байв.
Ван Линь 2021 оны 11-р сард 400 мянган юанийн хөрөнгө оруулж энэ гуанзыг ажиллуулсан юм. Амттай хоол базааж хүмүүсийг татахын тулд тэрээр үүрээр зах орж мах сонгох зэрэг бүх ажилд өөрөө гар бие оролцож хичээсэн ч хүсэж хүлээсэн амжилтдаа хүрч чадаагүй одоог хүрчээ. Энэ жилийн сүүлийн хагас, тэр дундаа долоо наймдугаар сард Чүнчинд цаг агаар маш их халж, дээр нь есдүгээр сараас хойш Ковид дэгдсэн нь түүний бизнест сөргөөр нөлөөлж, үндсэндээ алдагдалтай ажиллажээ. 12-р сарын нэгэнд Чүнчин хот эдийн засгийг тогтвортой байлгах тухай өмнө нь хэрэгжүүлж байсан бодлогуудаа үндэслэн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх 12 зүйлийн арга хэмжээг судлан хэрэгжүүлсэнд жижиг дунд аж ахуйн нэгжийг дэмжиж, хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийг байрны түрээснээс чөлөөлөх зэрэг хөнгөлөлт урамшууллын арга хэмжээ багтсан аж.
Ван Линий хувьд энэ 12-р сар бол алдагдлаа багасгаж, ашигтай ажиллах эхлэл юм. Түүний гуанз ажиллуулах сар тутмын өртөг нь 50-60 мянган юаньд хүрдэг учраас сардаа 110-120 мянган юань буюу өдөрт 4000 юань борлуулж л алдагдалгүй байх болно. Одоохондоо өдөрт 2-3000 юанийн эргэлттэй болсондоо баяртай байна хэмээн тэрээр ярьж байлаа. Одоогоос 3 сарын өмнөөс байрны түрээсийг нь 6 сарын хугацаатай хөнгөлөх бодлого хэрэгжүүлж эхэлсэн тул түүний хувьд дахиад 3 сар зүтгэж, бизнесээ өөд нь татах боломжтой гэсэн үг юм.
Чүнчиний Ляншань бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын корпорацын захирал Жү Ихуа хөнгөлөлттэй бодлогын талаар танилцууллаа. Тэрээр “түрээсний хөнгөлөлттэй бодлогыг гол нь үйлчилгээний салбарын бичил жижиг аж ахуйн нэгж болон хувийн бизнес эрхлэгчдэд чиглүүлсэн. Тэдний эрхэлж буй ажил нь иргэдийн амьжиргаатай шууд холбоотой байдаг. Энэ арга хэмжээний хүрээнд оны эхний хагаст гурван сарын түрээс буюу нийт 2 сая 580 мянга гаруй юанийн хөнгөлөлт үзүүлжээ. Энэ удаа хөнгөлөлтийн бодлогоо дахин гурван сарын хугацаатай сунгаад 2 сая 100 мянга гаруй юанийн хөнгөлөлт үзүүлэх тул нийт 4 сая 700 мянга гаруй юанийн хөнгөлөлт үзүүлнэ гэсэн үг юм. Эдгээр зардлыг бүгд манай корпорац даана” гэжээ.
Хятадын орон нутгуудаар аж ахуйн нэгжүүдийн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд зээлийн хугацааг сунгах, татвар, ус, цахилгаан, байгалийн хийн төлбөр төлөлтийн хугацааг сунгаж хойшлуулах зэрэг бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж байгаа юм. Бичил жижиг аж ахуйн нэгжүүд болон хувийн хэвшлийнхэнд ээлтэй хандахын ач тусыг эцсийн эцэстээ иргэд хүртэх болно. Шанхай хотын захиргаа хувиараа бизнес эрхлэгчдийг орон байр, лангуу зэргээр хангаж, тэдний бизнес эрхлэлтийн өөрийн өртгийг нь буруулж байна. Жишээ нь Жин-Ань дүүргийн Цао Жя Дү хороолол нь гуравдагч талыг урьж олон нийтэд зориулсан үйлчилгээний төв байгуулжээ.
Энэхүү төвд түлхүүр хувилах, гутал засвар, оёдол, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн болон цаг засвар, угаалга, индүүдэх зэргийн 8 лангуутай. Тэд түрээсийн мөнгө төлөх шаардлагагүй, зөвхөн үйлчилгээний үнээ зах зээлийнхээс 20%-иар хямд байлгахыг шаарддаг. Эрсдэлийн эсрэг чадвар нь тийм сайн биш ч гэсэн эдгээр лангууны эзэд түрээсний талаар санаа зоволтгүй, цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон бол оршин суугчдын хувьд эдгээр үйлчилгээ амьдралыг нь илүү тав тухтай болгож байна.
Фүданийн их сургуулийн профессор Жан Юань, “Сүүлийн үед хувийн бизнес эрхлэгчдийн олонх нь алдагдалтай ажилласан. Тэгэхээр орон нутгийн захиргаа тэднийг бизнес эрхлэх байраар хангах юм бол оршин суугчид шаардлагатай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хялбар ойр олж, улмаар амьдрал ахиад буцлах болно” гэжээ.