Ши Жиньпин Саудын Арабын хятад хэлтнүүдэд захидал илгээв
Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин Саудын Арабын хятад хэл суралцагчдын төлөөлөлд хариу захидал бичиж, Саудын Арабын залуучуудыг хятад хэл сайн сурч, Хятад-Саудын Араб, Хятад-Арабын найрамдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсжээ.
Ши Жиньпин онцлохдоо, “Хэл бол улс орныг ойлгох хамгийн сайн түлхүүр юм. Та бүгд хятад хэл сурч, "Хятад хэлний гүүр" солилцооны хөтөлбөрт хамрагдсанаар өргөн хүрээнд, бүх талаар Хятад улсыг ойлгож болно. Одоогийн байдлаар Хятадын ард түмэн, Саудын Арабын ард түмэн бүгд агуу их мөрөөдлөө биелүүлэхийн төлөө шаргуу ажиллаж байна. Бие биенийхээ хэлийг сурч, түүх соёлоо ойлгох нь хоёр орны ард түмний харилцаа, хамтын ажиллагаа, найрамдалд тустай төдийгүй хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтад илүү их хувь нэмэр оруулах болно” гэжээ.
“Залуучуудад хязгааргүй их итгэл найдвар тавьж байна. Залуу үеийнхэн бол Хятад Саудын Араб, Хятад Арабын найрамдлын ирээдүй юм. Оюутан залуус хичээнгүйлэн суралцаж, Хятад, Саудын Араб, Хятад Арабын ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд шинэ хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж Ши Жиньпин онцоллоо.
Сүүлийн үе Саудын Арабын хятад хэл сурч буй 100 гаруй залуус, хятад хэл сонирхогчид Ши Жиньпин даргад захидал бичиж, хятад хэл сурсны ололт, ойлголтоо хуваалцаж, Хятад улсын талаар илүү ихийг мэдэхийг хүссэн бөгөөд Саудын Араб, Хятадын найрамдлыг хөгжүүлэхэд залуу элчээр ажиллах итгэл зоригоо илтгэжээ.
Өнөөгийн байдлаар, хятад хэлийг Саудын Арабын үндэсний боловсролын системд албан ёсоор хамруулаад байгаа бөгөөд нийт 9 их сургууль хятад хэлтэй холбоотой мэргэжлээр хичээллэж байгаа бол тухайн бүсийн 300 гаруй багшийг бэлтгэж, 1100 гаруй коллежийн оюутныг "Хятад хэлний гүүр"-т оролцуулах ажлыг зохион байгуулж, мөн 1000 гаруй коллежийн оюутныг олон улсын хятад багшийн тэтгэлэгт онлайн семинарт оролцохыг дэмжин ажиллаж байна.