Чиндаогийн цаасан хайчилбарыг Германд сурталчлав
Чиндаогийн биет бус соёлын өв-цаасан хайчилбарыг ХБНГУ-ын Регенсбург хотод сурталчилах арга хэмжээ энэ сарын 2-нд болж Германы улс төр, бизнес, соёл, аялал жуулчлалын салбарынхан болон Хятадын цагаач иргэд оролцсон байна.
Тухайн өдрийн арга хэмжээний үеэр цаасан хайчилбар хийх сурталчилгааны видеог үзүүлж, сонирхогчид уг дүрс бичлэгээр дамжуулан Чиндаогийн цаасан хайчилбарын нарийн сийлбэр, тод хээ угалз, энгийн өнгө будаг, тансаг урлал, сэтгэл татам байдлыг мэдэрчээ.
Чиндао хотын Намын хорооны суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга, хотын хэвлэл мэдээллийн албаны дарга Шюй Шучэн видео илтгэл тавив. Тэрээр онцлон тэмдэглэхдээ, “Энэ жил Хятад Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Чиндао, Рэгэнсбург хотын хооронд найрсаг харилцааны 13 жилийн ой тохиож байна. Энэ онд хоёр хотын харилцаа улам идэвхижиж нягтарлаа. "Рэгэнсбургийн өдөр тутмын сонин”-д Чиндао хотын хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг сар бүр нийтэлж, Чиндао хотод болсон үлгэр түүхийг олон талаас нь танилцуулдаг. Чиндаогийн биет бус соёлын өвийн бүтээгдэхүүн - цаасан хайчилбарыг ХБНГУ-ын Регенсбург хотод сурталчлах арга хэмжээгээр дамжуулан хоёр хотын нийгэм соёлын солилцоог улам гүнзгийрүүлж, хоёр хотын ард иргэдийн найрамдалт харилцааг зузаатгахыг хүсэж байна” гэжээ.
Хятадаас Мюнхен хотод суугаа Ерөнхий консулын газрын Консулын асуудал эрхэлсэн захирал Ван Цюшан хэлэхдээ, “Чиндао болон Рэгэнсбург хоорондын найрсаг хотын харилцаа нь өнөөгийн Хятад, Германы нягт харилцаа хийгээд амжилттай хамтын ажиллагааны үлгэр жишээ загвар юм. 2009 онд найрсаг хотын харилцаа тогтоосноос хойш уг хоёр хот эдийн засаг, соёл боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан технологи, спорт, залуучуудын солилцоо болон хотын хуучин дүүргийг хамгаалах зэрэг олон салбарт баялаг мөртөө бодитой үр дүнд хүрсэн байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ “Хятадаас Мюнхенд суугаа Ерөнхий консулын газар хоёр хотын олон салбарын солилцоо хийгээд хамтын ажиллагааг идэвхитэй дэмжих болно. Хоёр тал "Нөхөрлөл, харилцан ашигтай, бодит үр дүнтэй" гэсэн зарчмын дагуу бие биедээ эрх тэгш, чин сэтгэлээсээ хандаж, бие биенээ хүндэтгэж, бие биедээ итгэж, харилцан багтаамжтай байж, харилцан ойлголцож, бие биенээсээ суралцаж, давуу талаа ашиглан дутуугаа нөхөж, туршлагаа хуваалцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаар дамжин хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын ойлголтыг хэрэгжүүлж, орон нутгийн иргэдийн сайн сайхан аз жаргалтай байдлыг нэмэгдүүлж, хамтын хөгжлөө биелүүлэхийг хүсэж байна” гэжээ.
ХБНГУ-ын Регенсбург хотын Эдийн засгийг дэмжих товчооны захирал Тони Лаутеншлагер мөн хоёр хотын найрсаг харилцаа чухал ач холбогдолтойг онцлоод, хотын дарга болон хотын захиргааг төлөөлөн цаасан хайчилбарын үзэсгэлэн гаргасныг сайшаасан байна.
Тэрээр хэлэхдээ, “Цаасыг хамгийн анх үүдэн бүтээсэн улсаас илүү цаас урлан хайчилж чадах хүн хэн байх билээ? Чиндаогийн цаасан хайчилбарын бүтээлийг Регенсбург хотод авчирч, хүмүүс видео бичлэгээр дамжин цаасан хайчилбар хийх бүх үйл явцыг үзэж, бас өөрсдөө үүнийг хийж мэдрэх боломжтой болсонд би маш их баяртай байна. Ингэснээр Хятадын соёлыг илүү сайн ойлгох болно” гэжээ.
Чиндаогийн биет бус соёлын өв - цаасан хайчилбарыг ХБНГУ-ын Регенсбург хотод сурталчлах энэ удаагийн арга хэмжээг БНХАУ-ын Чиндао хотын захиргааны хэвлэл мэдээллийн албанаас голлон эрхэлж, Европ дахь Хятадын олон улсын хэвлэлийн газрын харьяа байгууллага болох Хятадын номын худалдааны ХХК болон Герман, Хятадын найрамдлын соёлын солилцооны нийгэмлэг хамтран зохион байгуулав. Тухайн газарт 100 ширхэг цаасан хайчилбарын бүтээлийг дэлгэн үзүүлснээс гадна, цаас урлан хайчлахыг тусгайлан зааж, Регенсбургийн иргэдэд Чиндаогийн биет бус соёлын өв болох цаасан хайчлах урлагийн өвөрмөц мөртөө сэтгэл татам байдлыг мэдрүүлсэн байна.