MONGOL

Лаос оюутны хүслийн галт тэрэг Хятад Лаосын төмөр замаар хурдалж байна

CRIPublished: 2022-12-06 18:43:08
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Төмөр зам юуг илэрхийлнэ вэ? Хүмүүсийн хувьд энэ нь зүгээр л нэгэн аялах арга хэлбэр байж болох ч Лаос улсаас ирсэн гадаад оюутан Ван Вэйгийн хувьд төмөр зам бол нь ээжийнх нь хүсэл, өөрийнх нь мөрөөдөл болон илүү өргөн дэлгэр амьдралыг агуулж байдаг. Хятад Лаосын төмөр зам лаос оюутан Ван Вэйгийн амьдралыг хэрхэн өөрчилснийг хамтдаа сонирхоцгооё.

Тэрээр хэлэхдээ: “Намайг Ван Вэй гэдэг. Миний нэрийг лаос хэлээр KHAMPHILOM VANNAPHONE гэдэг. Би одоо Кунминий дээд сургуульд сурч байгаа. Хятадад ирээд гурван жил болж байна” гэв.

Энэ жил 31 настай Ван Вэй Лаосын Вьентьян хотынх. Өдгөө Кунминий дээд сургуульд аялал жуулчлалын менежмент чиглэлээр суралцаж байгаа гадаад оюутан. Хоёр жилийн өмнө буюу Лаос улсад их сургууль төгсөөд байсан Ван Вэй Лаосын Вьентьян болон БНХАУ-ын Юннань хотыг холбосон Хятад-Лаосын төмөр зам удалгүй ашиглалтад орох гэж байгааг мэдээд, ээжийнхээ санал болгосны дагуу Хятадад ирж суралцжээ.

Тэрээр хэлэхдээ: “Хятад Лаосын хооронд төмөр зам нэвтэрнэ гэж 2019 онд ээж сонссон байсан.Ээж маань үүнийг сайхан боломж гэж үзсэн бөгөөд Хятад Лаосын төмөр зам ашиглалтад орсны дараа аялал жуулчлал улам хөгжинө гэдэгт итгэлтэй байв” гэжээ.

Ван Вэйгийн хувьд Хятадад суралцах нь зөвхөн ээжийнхээ хүслийг биелүүлээд зогсохгүй өөрийнхөө амьдралыг өөрчлөх сонголт байсан юм. Ван Вэй Хятадад анх ирэхдээ хятадаар ганц ч үг хэлж чаддаггүй байв. Гэвч энэхүү байдал нь түүний эрэл хайгуулч хүсэл тэмүүллийг нь зогсоож чадаагүй.

Тэрээр хэлэхдээ: “Би заавал хятад хэл сурах ёстой гэж өөртөө хэлсэн. Ирээдүйд Лаос Хятадын хамтын ажиллагаа эрчимтэй нэмэгдэх тул, хятадаар ярьдаг болчихвол сайн сайхан боломжууд лав гарч ирнэ гэж итгэсэн. Тиймээс энд ирсний дараах эхний зорилго бол даруй хятад хэл сурах явдал байсан юм” гэжээ.

Шаргуу хөдөлмөр ямагт үр дүнгээ өгдөг жамтай. Анх дохио зангаагаар харилцаж байсан Ван Вэй хоёрхон жилийн хичээл зүтгэлийн ард хятад хэлний түвшин тогтоох 5-р зэрэглэлийн шалгалтад зовлонгүй тэнцжээ. Энэ хугацаанд тэрээр галт тэргэнд сууж, Юннань мужийн олон газраар аялж, Хятадын хөдөө нутгийн үзэсгэлэнт байгаль болон сэтгэл хөдөлгөм үлгэр түүхийг харуулсан гэрэл зургууд авч, өөрийн Хятадад өнгөрөөсөн туршлага болон үзэж харсан үзэсгэлэнт байгалийг хилийн чанад дахь цахим хэрэглэгчидтэй хуваалцсан байна.

Ван Вэйгийн камерт Юньнань мужийн олон үндэстэн ястны соёл зан заншил, Куньмин хотын орчин үеийн байдал, мөн Хятад-Лаосын төмөр зам дагуух байгалийн үзэмж тодхон буусан байлаа. Түүний авсан богино хэмжээний видео бичлэгүүд Лаосын интернэт хэрэглэгчдийн анхаарлыг татаад зогсохгүй бас Тайланд, Вьетнамын интернэт хэрэглэгчид сэтгэгдлээ бичин үлдээж, магтан сайшааж байв. Хүмүүс түүний гэрэл зургийн бүтээлүүдээс Хятад-Лаосын төмөр зам болон Хятад улсыг ихээхэн сонирхож байв.

Тэрээр хэлэхдээ: “Би маш их зүйлийг хуваалцдаг байсан. Тэд ч маш их сонирхож байв. "Энэ хаана вэ?", "Би Хятадад очмоор байна”, "Хятад-Лаосын төмөр замаар хэзээ Хятад руу аялах боломжтой вэ” хэмээн тэд асууцгаадаг байлаа” гэв.

Богино хэмжээний видео бичлэг хийж, интернэт хэрэглэгчидтэй хуваалцах явцад Ван Вэйгийн мөрөөдлийн тойм зураг дүрс улмаас улам тодорч байв. Тэр нь даруй Лаос, Хятадын аялал жуулчлалын хамтын ажиллагааны төлөө хичээн зүтгэх явдал юм. Өнгөрсөн оны 9-р сард Ван Вэй ангийнхантайгаа хамт "Куньмин хотын бизнес эрхлэлтийн клуб"-ын 6 дахь удаагийн инноваци, бизнес эрхлэлтийн тэмцээнд оролцож, тэдний "Юннань болон Лаосын соёл жуулчлалын маршрутын захиалгат аялал" төсөл нь олон улсын 60 гаруй төслөөс финалд шалгарсан байна.

Тэрээр хэлэхдээ: “Одоо би их сургуулийн гуравдугаар дамжааны ангийн оюутан. Нэг жилийн дараа сургуулиа төгсөнө. Би Куньмин болон Юннань дахь аялал жуулчлалын компаниудаас сонгож, тэдэнтэй хамтран ажиллахыг хүсч байна. Жишээлбэл, хятадуудыг дагуулан Лаос руу аялуулах, мөн лаосчуудыг Хятад руу аваачих зэрэг аялал жуулчлалыг ирээдүйд хийж болно хэмээн бодож байна” гэжээ.

Ван Вэй хэлэхдээ, “Хоёр орны залуучуудын хувьд, Хятад-Лаосын төмөр зам нь хамтдаа боломжоо хуваалцах нөхцлийг бий болгосон байна” гэжээ. Ван Вэй анх ээжийнхээ хүслийг биелүүлэхээр Хятадад ирж, дараа нь Хятадад өөрийн мөрөөдлөө биелүүлж эхэлсэн юм. Вэн Вэй энэхүү төмөр замаас сайн сайхан гэрэлт ирээдүйгээ олж харсан юм.

Тэрээр хэлэхдээ: “Цаашид Хятад улс маш сайн хөгжиж, Лаос Хятад хоёр орны найрамдал улам сайжирна гэж бодож байна. Лаос Хятадын хооронд аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эдийн засгийн салбар маш сайн хөгжиж, цаашдаа маш том боломжууд бий болох нь дамжиггүй юм” гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn