MONGOL

Украинд аюулгүй байдлын нэмэлт тусламж үзүүлнэ

CRIPublished: 2022-11-25 14:55:25
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Синьхуа агентлагийн мэдээ: АНУ-ын Батлан хамгаалах яам Украинд 400 сая ам.долларын аюулгүй байдлын нэмэлт тусламж үзүүлнэ хэмээн энэ сарын 23-ны өдөр мэдэгдэв. 2021 оны наймдугаар сараас хойш Ерөнхийлөгч Жо.Байден Украинд яаралтай тусламж үзүүлэхийн тулд Ерөнхийлөгчийн мэдэлд байгаа хөрөнгийг 26 дахь удаагаа ашиглаж байгаа нь энэ юм. АНУ-ын Батлан хамгаалах яамны мөн өдрийн мэдээллээс үзвэл, Украинд үзүүлэх аюулгүй байдлын нэмэлт тусламжийн хүрээнд дулааны дүрслэлээр тоноглогдсон хүнд пулемёт, радарын эсрэг хэт хурдны пуужин, хөдөлгөөний олон хувилбартай дугуйт машин зэрэг багтсан байна. БХЯ-ны мэдээгээр, Жо.Байдены засгийн газар ажлаа эхлүүлснээс хойш АНУ-аас Украинд нийт 19.7 тэрбум гаруй ам.долларын аюулгүй байдлын тусламж үзүүлэхээр амласан байна.

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев мөн өдөр хэлэхдээ, “Дайснууд Оросын армийн харвасан зэвсгийн тоо болон нөөцийг нарийн "тооцоолсон" хэвээр байгаа боловч Оросын хүчин чадлыг хоосолж дуусгах оролдлого бүтэхгүй. Орост хангалттай зэвсгийн нөөц бий” гэжээ.

Украины ерөнхийлөгчийн цахим хуудсанд энэ сарын 24-ний өдөр мэдээлснээр, “23-нд ОХУ-ийн эхлүүлсэн пуужингийн гэнэтийн довтолгооны тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдаан дээр Украины ерөнхийлөгч Владимир Зеленский видео илтгэл тавьж, “Оросын дайралтын улмаас олон сая украинчуудын ус, цахилгаан, дулаалга тасалдаж байна. Олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ үүнд хариу өгнө гэдэгт найдаж байна” гэжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков 24-ний өдөр хэлэхдээ, “Оросын арми 23-ны өдөр Украины армийн командлалын систем болон холбогдох эрчим хүчний байгууламжид өргөн довтолгоо хийснээр гадаадаас хангагдаж байгаа Украйны армийн зэвсгийн боломжийг тасалдуулж, төмөр замын тээвэрлэлтийг зогсоолоо” гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn