Ши Жиньпин: Хятад улс өндөр чанартай хөгжлийг гуйвшгүй ахиулна
10-р сарын 23-нд болсон Хятадын Коммунист намын 20 дахь удаагийн Төв Хорооны анхдугаар бүгд хурлаар шинэ удирдлагуудыг сонгож, Ши Жиньпинийг ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгосон байна. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны шинэ гишүүд гадаад дотоодын сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр Ши Жиньпин хэлэхдээ, одоо Хятад улс орчин үеийн социалист улс орныг бүх талаар цогцлоон байгуулах шинэ аянаа эхлүүлж, хоёрдугаар зуун жилийн зорилтоо биелүүлэхээр чармайж байна. Хятад маягийн шинэчлэлээр Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтыг урагш ахиулна. Хятадын эдийн засаг уян хадан чанартай байж, асар их нөөц бололцоотой, урт хугацаанд цаашид сайжрах үндсэн чиг хандлага нь өөрчлөгдөхгүй. Хятад улс өөрчлөлт нээлтийг бүх талаар гуйвшгүй гүнзгийрүүлж, өндөр чанартай хөгжлийг цаашид ахиулан, өөрийн хөгжлөөр дэлхий дахинд илүү их боломж бий болгоно гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалт бол Хятадын Коммунист нам болон Хятадын ард түмний урт хугацаанд туршлага хуримтлуулж, нэгтгэн дүгнэсний үр дүн бөгөөд энэ бол агуу их, хүндрэл бэрхшээл ихтэй ажил юм. Шинэ аяндаа ХКН ард түмний төлөө байх, ард түмэнд ойрхон байхыг тууштай баримталж, ард түмний сайн сайхан амьдралын төлөөх хүсэл эрмэлзлийг тасралтгүй бодит ажил болгох болно гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, өнөөдөр дэлхий дахинд урьд өмнө тулгарч байгаагүй сорилтуудын өмнө хүн төрөлхтний ирээдүй, хувь заяаг дэлхийн бүх улс орны ард түмэн зохицуулж, шийдэх ёстой гэж ХКН дэмжиж ирсэн. Дэлхий нийтээрээ хамтран ажиллаж байгаа цагт бүх улс орон эв найрамдалтай харилцаж, хамтдаа ашиг хүртэн, дэлхийн сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээж чадна гэжээ. Хятадын хөгжил дэлхийтэй салшгүй холбоотой, дэлхийн хөгжил ч Хятад улсаас салж чадахгүй. Хятад улс бусад орны ард түмэнтэй хамт энх тайван, хөгжил цэцэглэл, тэгш эрх, шударга ёс, ардчилал, эрх чөлөө гэх бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг хөгжүүлж, дэлхийн энх тайвныг сахин хамгаалж, дэлхийн хөгжлийг ахиулан, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг цаашид ахиулахад бэлэн байна гэж Ши Жиньпин онцлов.