MONGOL

БНХАУ-ын дарга Ши Жиньпин шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ

CRIPublished: 2023-12-31 19:47:30
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

2024 оны шинэ оны босгон дээр, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Төв радио телевизээр дамжуулан шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна. Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэе.

Эрхэм нөхөд өө, хатагтай ноёд оо

Сайн байцгаана уу. Цагийн хүрд эргэлдсээр бид хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж байна. Миний бие Бээжин хотоос та бүхэнд шинэ оны цогтой халуун мэндчилгээ дэвшүүлж буйг хүлээн авна уу.

2023 онд бид шаргуу хичээн зүтгэж, салхи бороог үл ажран туулж, их амжилтад хүрлээ. Улиран одож буй 2023 он та бидний хувьд амаргүй жил байсан ч ирэх маргаашдаа бид итгэл дүүрэн байх ёстой.

Энэ 2023 онд бид итгэл үнэмшлээ бататгаж ажилласан жил байлаа. Цар тахлаас сэргийлэх ажилд чухал ахиц гарч, улс орны эдийн засаг тогтвортой сэргэн, чансаатай хөгжлийг урагшлууллаа. Орчин үеийн аж үйлдвэрийн системийг төгөлдөршүүлж, өндөр технологи шингэсэн, ухаалаг, ногоон хөгжлийг тэргүүн зорилго болгосон шинэ тулгар салбарыг хурдацтай хөгжүүлж байна. Газар тариалан 20 жил дараалан элбэг ургац авч, экологи, байгаль орчин улам сайжирч, хөдөө тосгоны хөгжилд шинэ өнгө төрх нэмэрлэсэн юм. Зүүн хойд бүс нутгийг бүх талаар сэргээн хөгжүүлэх ажил түүхэн шинэ хуудас сөхөж, Шүн-аний шинэ бүсийн бүтээн байгуулалт түргэсэж, Хөхмөрөний эдийн засгийн бүс эрч хүчтэй байж, Гуандун-Хонконг-Макаогийн их булангийн бүс хатуу бэрхийг даван эрчимтэй хөгжлөө. Хятадын эдийн засаг хүнд бэрхийг туулж хүчирхэгжлээ.

Улирч байгаа 2023 онд бид эрч хүчээ бүрэн дайчилж ажиллалаа. Урт хугацааны хичээл зүтгэлээр Хятад улсын инновацын хөдөлгөх хүч, хөгжлийн эрч хүч бүх талаар эргэн сэргэлээ. Том оврын С919 нисэх онгоцыг ашиглалтад оруулж, Хятад улсын бие даан зохион бүтээсэн аяллын том хөлөг онгоцыг амжилттай туршлаа. Мөн Шэньжөү сансрын хөлгүүдийг дараалан хөөргөж, “Фэнь Дөү Жэ” аппарат тэнгисийн гүнд шумбаж шинэ рекорд тогтоолоо. Хятад улсын зохион бүтээж үйлдвэрлэсэн брэнд бараа бүтээгдэхүүн олонд таалагдаж байна. Хятадад үйлдвэрлэсэн шинэ загварын гар утас, шинэ эрчим хүчний автомашин, лити батерей, нарны эрчим хүчний бүтээгдэхүүн зэрэг нь Хятад улсын боловсруулах салбарын шинэ өнгө төрх, шинэ тулгар цэг болсон юм. Хятад улс бие даан хөгжих үзэл баримтлалаар цаг мөчтэй уралдан шинийг бүтээсээр байна.

Энэ 2023 онд бид омог бахархал төгөлдөр явж ирлээ. Чэндүгийн дэлхийн оюутны спортын наадам, Ханжөүгийн Азийн олимпыг амжилтай зохион байгуулж, тамирчид сайхан амжилт гаргасан юм. Амралтын өдрүүдэд хүмүүс ихээр аялж, киноны зах зээл эрчимтэй хөгжиж, “Тосгоны хөл бөмбөгийн тэмцээн”, “Тосгоны сар шинийн үдэшлэг” зэрэг анхан шатны спорт, соёл урлагийн арга хэмжээ олон газар өрнөж, ногоон амьдралын хэв маяг төлөвшиж, ард иргэд сайн сайхан амьдралын төлөөх хүсэл тэмүүллээ биелүүлж, урам зоригтойгоор хөдөлмөрлөн бүтээж байна.

Энэ жил бид өнгөрснөө өвлөн залгамжлахад онцгойлон анхаарлаа. Хятад улс бол агуу түүхтэй том гүрэн бөгөөд асар зузаан соёл иргэншилтэй юм. Баруун хойдын элсэн манхнаас, өмнөд нутгийн шиврээ бороотой үзэсгэлэнт уужим эх нутаг хүмүүсийн сэтгэлийг татаж, эх орноороо аялах, эх орноороо бахархах сэтгэлийг төрүүлж байна. Хатан голын тохой, Хөхмөрөний хүчирхэг урсгал хүмүүсийн сэтгэлийг огшоож, Лянжү, Эр Ли Төү, Инь улсын туурь, ясан дээр сийлсэн бичгийн дурсгал, Сань Шинь Дүйгийн соёлын өвүүдийн түүхэн үнэ цэн тодорч байна... Өргөн уудам Хятад орон өнө эртний яндашгүй арвин түүх соёлтой нь бидний итгэл зориг, эрч хүчний эх ундарга болж байдаг.

Хятад улс хөгжиж дэвжихийн зэрэгцээ дэлхий дахинтай алхаагаа нийлүүлж, том гүрний үүрэг хариуцлагаа биелүүлж ирлээ. Бид өнгөрсөн онд Хятад-Төв Азийн чуулга уулзалт, “Бүс ба Зам”-ын олон улсын хамтын ажиллагааны гуравдугаар чуулга уулзалт зэрэг олон улсын ач холбогдолтой дипломат арга хэмжээг амжилттай зохион байгуулж, таван тивийн хүндэт зочид оролцлоо. Миний бие улс орнуудад айлчилж, олон улсын хурал чуулганд оролцож, хуучин найз, шинэ түншүүдтэйгээ уулзаж, Хятад улсын дэвшүүлсэн санал санаачилгаа танилцуулж, нийтлэг ойлголтоо улам нэмэгдүүллээ. Даян дэлхий хэрхэн өөрчлөгдсөн ч энх тайван хөгжил бол гол чиглэл, гол хэмнэл байж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх нь бид бүхний хүсэл зорилго юм.

Урагшлах замд хатуу бэрх сорилтууд байнга тулгарч байдаг. Зарим аж ахуйн нэгжүүдэд хүндрэл тулгарч, ард олны ажлын байр, амьдралд бэрхшээл үүссэн. Зарим нутгаар үер ус, далайн хар салхи, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг нүүрлэсэн. Энэ бүхэнд би маш их сэтгэл эмзэглэж, цаг алдалгүй чухалчлан анхаарч ажиллалаа. Ард түмэн маань хатуу бэрхийг сөрж, харилцан тусалж, хувь заяагаа нэгтгэн хүчир бэрхийг даван гарсанд би маш их баяртай байна. Хөдөлмөрч хичээнгүй тариаланчид, нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн ажилчид, итгэл үнэмшил эрч хүчтэй үйлс бүтээгчид, эх орноо сахин хамгаалах эр цэрэг тэргүүтэй олон салбарын, олон хүн хичээнгүй зүтгэлээрээ эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна. Ард түмэн бол хатуу бэрхийг даван туулах хамгийн том түшиг тулгуур юм.

Ирэх 2024 онд БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохионо. Бид Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг хэлбэрэлтгүй баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн оновчтой хэрэгжүүлэн, хөгжлийн шинэ төлөвийг шуурхай тогтоож, чансаатай хөгжлийг дэмжиж, эх орныхоо хөгжил, аюулгүй байдлыг сайтар нэгтгэн төлөвлөнө. Бид тогтвортой байдалд урагшилж, хөгжлөөр тогтвортой байдлыг дэмжиж, шинийг санаачлан эдийн засгийн сэргэлтийн нааштай хандлагыг бэхжүүлж, тогтвортой хөгжүүлэх болно. Өөрчлөлт нээлттэй байдлаа гүнзгийрүүлж, хөгжлийн итгэл зоригоо чангаруулж, эдийн засгийн хөгжлийн эрчийг нэмэгдүүлэн, боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарт онцгой анхаарч, чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэнэ. Хонконг, Макао өөрсдийн давуу байдлаа ашиглан хөгжиж, улс орны хөгжлийн ерөнхий төлөвтэй уялдан нэгдэж, урт хугацаанд эрүүл тогтвортой хөгжихийг дэмжинэ. Эх орноо нэгтгэх бол түүхэн зайлшгүй замнал. Тайваний хоолойн хоёр эргийн ахан дүүс сэтгэл нэгтэйгээр үндэстнийхээ сэргэн мандлын их үйлсэд хамтдаа зүтгэх ёстой.

Бидний зорилго аугаа том бөгөөд энгүүн байж, ард иргэдээ улам сайн сайхан амьдралтай байлгахын төлөө юм. Өсвөр үед сайн боловсрол олгож, өрсөлдөх чадвартай бүтээлч залуусыг бэлтгэх, ахмадуудаа эмчлэн асрах зэрэг нь гэр бүлийн хэрэг боловч төр засгийн том ажил юм. Иймд бүх хүмүүс хамтдаа чармайж, эдгээр ажлыг сайтар хийж зохицуулах хэрэгтэй. Нийгмийн хөгжил, амьдралын хэмнэл маш түргэн болж, хүмүүс яаруу давчуу, ачаалал ихтэй байна. Иймд урин дулаан, эв зохицонгуй нийгмийн уур амьсгал бүрдүүлж, багтаамжтай, эрч хүч дүүрэн шинийг санаачлан бүтээх орон зайг тэлж, хүмүүст амьдралын таатай орчин бүрдүүлж, хүмүүсийг өөдрөг болгож, хүн өөрийн үнэ цэнээ гүйцэд харуулж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах хэрэгтэй.

Дэлхийн олон газар дайны гал өнөө ч ассаар л байна. Энх тайван хэчнээн чухал гэдгийг Хятадын ард түмэн хэнээс ч илүү сайн ойлгох тул олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт хүн төрөлхтний ирээдүйн төлөө, дэлхийн улс түмний аз жаргалын төлөө гар нийлж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулж, илүү сайхан дэлхий ертөнцийг цогцлоохын төлөө хичээх болно.

Энэ торгон мөчид их хотын гудамж гэрэлтэж, айл бүрийн цонхоор гэрэл гэгээ цацарч байна. Эх орон минь хөгжин бадраг. Эх дэлхий минь амар амгалан байг. Та бүхэнд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn