БНХАУ-ын дарга Ши Жиньпин шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ
Ирэх 2024 онд БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохионо. Бид Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг хэлбэрэлтгүй баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн оновчтой хэрэгжүүлэн, хөгжлийн шинэ төлөвийг шуурхай тогтоож, чансаатай хөгжлийг дэмжиж, эх орныхоо хөгжил, аюулгүй байдлыг сайтар нэгтгэн төлөвлөнө. Бид тогтвортой байдалд урагшилж, хөгжлөөр тогтвортой байдлыг дэмжиж, шинийг санаачлан эдийн засгийн сэргэлтийн нааштай хандлагыг бэхжүүлж, тогтвортой хөгжүүлэх болно. Өөрчлөлт нээлттэй байдлаа гүнзгийрүүлж, хөгжлийн итгэл зоригоо чангаруулж, эдийн засгийн хөгжлийн эрчийг нэмэгдүүлэн, боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарт онцгой анхаарч, чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэнэ. Хонконг, Макао өөрсдийн давуу байдлаа ашиглан хөгжиж, улс орны хөгжлийн ерөнхий төлөвтэй уялдан нэгдэж, урт хугацаанд эрүүл тогтвортой хөгжихийг дэмжинэ. Эх орноо нэгтгэх бол түүхэн зайлшгүй замнал. Тайваний хоолойн хоёр эргийн ахан дүүс сэтгэл нэгтэйгээр үндэстнийхээ сэргэн мандлын их үйлсэд хамтдаа зүтгэх ёстой.
Бидний зорилго аугаа том бөгөөд энгүүн байж, ард иргэдээ улам сайн сайхан амьдралтай байлгахын төлөө юм. Өсвөр үед сайн боловсрол олгож, өрсөлдөх чадвартай бүтээлч залуусыг бэлтгэх, ахмадуудаа эмчлэн асрах зэрэг нь гэр бүлийн хэрэг боловч төр засгийн том ажил юм. Иймд бүх хүмүүс хамтдаа чармайж, эдгээр ажлыг сайтар хийж зохицуулах хэрэгтэй. Нийгмийн хөгжил, амьдралын хэмнэл маш түргэн болж, хүмүүс яаруу давчуу, ачаалал ихтэй байна. Иймд урин дулаан, эв зохицонгуй нийгмийн уур амьсгал бүрдүүлж, багтаамжтай, эрч хүч дүүрэн шинийг санаачлан бүтээх орон зайг тэлж, хүмүүст амьдралын таатай орчин бүрдүүлж, хүмүүсийг өөдрөг болгож, хүн өөрийн үнэ цэнээ гүйцэд харуулж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах хэрэгтэй.
Дэлхийн олон газар дайны гал өнөө ч ассаар л байна. Энх тайван хэчнээн чухал гэдгийг Хятадын ард түмэн хэнээс ч илүү сайн ойлгох тул олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт хүн төрөлхтний ирээдүйн төлөө, дэлхийн улс түмний аз жаргалын төлөө гар нийлж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулж, илүү сайхан дэлхий ертөнцийг цогцлоохын төлөө хичээх болно.
Энэ торгон мөчид их хотын гудамж гэрэлтэж, айл бүрийн цонхоор гэрэл гэгээ цацарч байна. Эх орон минь хөгжин бадраг. Эх дэлхий минь амар амгалан байг. Та бүхэнд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Анхаарал хандуулсанд баярлалаа.