MONGOL

Ли Кэчян У.Хүрэлсүх нар уулзав

CRIPublished: 2022-11-28 16:27:22
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Синьхуа агентлагийн мэдээ: 11-р сарын 28-ны үдээс өмнө Бээжинд Ардын хурлын ордонд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзав.

Ли Кэчян хэлэхдээ, “Хятад, Монгол улс нь уул усаараа хаяа нийлсэн, найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх өвөрмөц нөхцөлтэй, олон талаар харилцан нөхөх давуу талтай найрсаг хөршүүд юм. Ши Жиньпин дарга удахгүй Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хэлэлцээ хийж, хоёр орны харилцааны хөгжлийг бүх талаар тодорхойлох болно. Хятад улс Монгол улстай харилцах харилцаагаа ямагт чухалчлан үзэж, Хятад Монголын харилцааг хөршийн дипломат харилцааны чухал байранд тавьж, Монгол улстай өндөр дээд түвшний харилцаагаа эрчимжүүлж, бие биенийхээ язгуур ашиг сонирхол, тулгамдаж буй асуудлыг хүндэтгэж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Мөн бүс нутаг, олон улсын үйл хэрэг дэх харилцаа холбоо, зохицуулалтыг сайжруулан, Хятад, Монголын харилцааг шинэ хөгжилд хүргэхээр хичээх болно” гэжээ.

Тэрээр хэлэхдээ, “Хятад, Монголын хамтын ажиллагаа нь бүс нутгийн тогтвортой байдал, хөгжилд тустай төдийгүй дэлхийн энх тайвныг бэхжүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байна. Хятад улс Монгол улстай хамтран ажиллаж, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг дээшлүүлж, дэд бүтэц, нүүрс зэрэг эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, эрчим хүчний аюулгүй байдал, хангамжийг тогтвортой байлгахад бэлэн байна. Хилийн боомтуудад ачаа тээвэрлэх, төмөр замын боомтыг холбох зэрэг хамтын ажиллагааг идэвхитэй дэмжих болно. Хоёр орны цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг даван туулахын төлөө хичээн зүтгэнэ” гэжээ.

У.Хүрэлсүх Ерөнхийлөгч үгийнхээ эхэнд БНХАУ-ыг өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлэх замаар бий болгосон хөгжлийн ололт амжилтад баяр хүргэж, Мөн дундаж чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоох эхний 100 жилийн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн Хятадын Коммунист Нам, Хятадын Засгийн газар, ард түмэнд баяр хүргэв.

Тэрээр хэлэхдээ, “БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. Цар тахлын амаргүй үед ч талууд дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын давтамжийг хадгалж, бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэнд сэтгэл хангалуун байна. Монголын тал Хятадын талтай урт хугцааны сайн хөршийн найрсаг харилцаа хөгжүүлэхийг чухалчилж, хоёр улсын хөгжлийн бодлогын уялдааг эрчимжүүлэн, удалгүй гарын үсэг зурах гэж байгаа Монгол Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны дунд урт хугцааны хөгжлийн хөтөлбөрийг сайтар хэрэгжүүлэн, хоёр талын худалдааны түвшинг дээшлүүлэх болно. Дэд бүтэцийн барилга байгуулалт, эрчим хүч, цөлжилтөөс сэргийлэх зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бараа тээвэрлэлт ложистикид дөхөм үзүүлэн, хилийн боомтын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх болно. Түүнчлэн төрийн тэргүүн нарын ярьсан тохиролцоог бодит ажил хэрэг болгоход хоёр улсын Засгийн газар нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлов.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn