MONGOL

Хятад Монголын ятгачид Бээжинд тоглов

CRIPublished: 2023-04-26 10:47:05
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Монголын Үндэсний урлагийн их театрын ятгачин МУСТА Ганхуягийн Солонго, Хятадын нэрт ятгачин Шю Юйни, Ли Янь нарын хамтарсан “Ятгын эгшиг” тоглолт Бээжин дэх Монголын соёлын төвд боллоо.

Хөгжимчид тоглолтынхоо эхэнд ятга хөгжмийн үүсэл гарал, үүх түүхтэй холбоотой мэдээллийг тус тусдаа өөрийн улсын судлаачдын дүгнэлтэд үндэслэн тайлбарласан бөгөөд “Дорнын төгөлдөр хуур” гэгддэг энэхүү онцлог хөгжмөөр Хятад, Монголын нэрт хөгжмийн зохиолчдын домог болсон аялгуунуудыг тоглосон нь үзэгч олны сэтгэлийн чавхдасыг хөглөв. Мөн Г.Солонгын ятгаар гоцолсон “La La Land” киноны "Mia & Sebastian's Theme"-ийн хөгжмийг Монгол Улсын Бээжин дэх ЭСЯ-ны дэргэдэх Монгол соёлын төвийн зохион байгуулагч, хөгжимчин Г.Сэлэнгэ төгөлдөр хуураар хоршсон нь ихээхэн онцлог байлаа. Эрт цагаас ихэс дээдсийн ямбаны урлаг хэмээн нэрлэгдэж хаадын өргөөнд эгшиглэсээр ирсэн ятга хөгжим нь орчин үед зэмсэг хийгээд аялгууны хувьд ямагт коверлогдон баяжсаар байгааг Г.Солонго, Шү Юн И, Ли Ян нарын тоглолтын үеэр хоёр орны хөгжим сонирхогчид онцлон тэмдэглэсэн юм. Монгол Улсын ЭСЯ-ны дэд тэргүүн, Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг тус арга хэмжээний нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ, Монгол Хятадын соёлын хамтын ажиллагаа өргөжин тэлсээр буйг онцлоод энэхүү тоглолт ч үүний нэгэн тодорхой илрэл гэдгийг тэмдэглэв. “Ятгын эгшиг” тоглолтыг Бээжин дэх гадаадын ЭСЯ-дын төлөөлөл, Хятадын хөгжмийн нийгэмлэгийн удирдлагууд болон хөгжмийн урлагийн нэртэй төлөөллүүд ирж үзэж сонирхлоо.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn