Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлсээр байна
Энэ оны эхний 11 сард Хятад улсын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 38.34 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.6%-иар өсөн үзүүлэлт болж, худалдааны томоохон түншүүдтэй хийж буй гадаад худалдааны импорт, экспортын хэмжээ нь тогтвортой өсөлтөө хадгалсан гэж Хятадын Гаалийн ерөнхий газраас 7-нд мэдээлсэн байна.
Гуандүнгийн Шаньтөү боомт нь Хятадын “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын гол боомтын нэг болох бөгөөд өдөрт олон арван мянган бараа бүтээгдэхүүн үүгээр дамжин гадаадад хүрч байна. Тухайн нутгийн эмийн боодол баглааны материал үйлдвэрлэгч компанийн хариуцлагатан “энэ онд бидний захиалга нэмэгдсэн” гэж хэлж байлаа.
Тэрээр хэлэхдээ: “Бид Сингапур зэрэг "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулж буй 10 гаруй оронтой урт хугацааны хамтын ажиллагаатай. Он гарснаас хойш манай захиалгын хэмжээ 12 гаруй хувиар нэмэгдсэн”гэлээ.
Гуандүнгийн Шаньтөүгийн гаалийн газрын статистик тоо баримтаас үзэхэд, он гарснаас хойш "Бүс ба зам” дагуух улс орон, бүс нутагт экспортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ 40 тэрбум юаниас давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 50 гаруй хувиар өссөн байна.
Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, энэ оны эхний 11 сард Хятадын гадаад худалдааны экспорт 21.84 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.9%-иар өссөн үзүүлэлт болж, гадаад худалдааны импортын хэмжээ 16.5 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.6%-иар өссөн үзүүлэлт болжээ. Хятад улс худалдааны томоохон түншүүдтэйгээ хийж буй гадаад худалдаа нь өсөлтийн хурдаа тогтвортой хадгалж байгаа бөгөөд "Бүс ба зам” дагуух орнуудтай хийсэн импорт экспортын хэмжээ, "Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр"-ийн гишүүн орнуудтай хийсэн худалдааны хэмжээ тус тус 20.4, 7.9 хувиар өссөн байна. Үүнтэй холбогдуулан Хятадын үндэсний мэдээллийн төвийн Эдийн засгийн төсөөллийн газрын Макро эдийн засгийн судалгааны албаны дарга Янь Минь хэлэхдээ, олон улсын солилцооны индрүүд нь Хятад улс худалдааны түншээ өргөжүүлэхэд түлхэц өгсөн” гэжээ.
Тэрээр хэлэхдээ: “Хятад улс "Бүс ба зам” дагуух орнууд, RCEP-ийн орнууд, Өмнөд Америк, Африкийн орнуудтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа явуулан,Импортын экспо, Кантоны яармаг зэрэг олон улсын солилцооны үзэсгэлэн зохион байгуулснаар, гадаад худалдааны түншүүд нь улам өргөжсөн байна. Гадаад худалдааны олон ургалч байдал нь Хятад улс дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ, зах зээлийн хэлбэлзлийг даван туулах чадварыг дээшлүүлээд зогсохгүй бусад орны эдийн засаг, худалдааны хөгжлийг дайчлан, дэлхийн эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна” гэжээ.