Тэнгист живсэн хөлгүүдээс 900 гаруй түүхийн дурсгал олджээ
Хятадын археологичид Хятадын Өмнөд тэнгист живсэн Мин гүрний (1368-1644) үеийн эртний хоёр хөлөг онгоцонд гурван үе шаттай судалгаа малтлага хийж, 900 гаруй соёлын өв олоод байна.
Хайнань мужийн Санья хотоос зүүн өмнө зүгт 150 км-ийн зайд живсэн хөлгүүдийг 2022 оны аравдугаар сард 1500 метрийн гүнээс илрүүлжээ.
Судлаачид 2023-2024 онд тэнгисийн гүнд Шэнхай Юнши буюу “Далайн гүний дайчин” төхөөрөмж ашиглан гурван үе шаттай малтлага хийсэн гэж Үндэсний Соёлын Өвийн Газраас пүрэв гарагт мэдэгдсэн юм.
Эхний хөлөг онгоц сүйрсэн газраас шавар эдлэл, шаазан эдлэл, хүрэл эдлэл, тэдгээрийн хэлтэрхий зэрэг 100 мянган зүйлс, тэдгээрээс 890 ширхэг нь олдвор байжээ.
Удаах хөлөг сүйрсэн газраас тэгш хураасан дүнз мод, цөөн тооны шаазан эдлэл, хар тугалга, цагаан тугалган эдлэл зэрэг 38 олдвор малтаж гаргажээ.
Археологийн төслийг ахлагч, Үндэсний Археологийн төвийн судлаач Сүн Жянь Жүн пүрэв гаригт хэлэхдээ, нэгдүгээр хөлөг онгоц экспортод зориулсан шавар шаазан эдлэл, хоёр дахь хөлөг импортод зориулсан модон материал тээвэрлэж байсан нь Мин гүрний үеийн далайн худалдааны хөгжил цэцэглэлтийг харуулж байна. Энэ нээлт нь эртний далайн торгоны замын худалдаа, соёлын солилцооны чухал нотолгоо юм гэжээ.