Луут завины баяр удахгүй болно
Мөдхөн, хэдхэн хоногийн дараа 10-ны өдөр тэмдэглэх Луут завины баяр буюу билгийн тооллын тавдугаар сарын 5-ны өдрийг угтаж Хятадын Юньнань мужийн Күньмин хотын захуудад уламжлалт хоол, гар хийцийн бугуйвч, нугасны давсалсан өндөг, агь өвсний баглаа зарж байна. Хятадын олон газар Луут завины уралдаан зохион байгуулж байна. Энэ баярын уламжлалт амттан бол Зунзи юм. Хулс модны навчинд наалдамхай будааг янз бүрийн ломботой хийж боодог.
Хятадын эртний яруу найрагч Цю Юань (МЭӨ 340 – МЭӨ 278 он) авлигад идэгдсэн тухайн үеийн улс төрийн ялзрал доройтлыг эсэргүүцэж голд унаж амиа хорлосон гэдэг. Хүмүүс голын урсгалд зунзи, хүнсний зүйл хаяж, яруу найрагчийн цогцсыг загас жараахайд идүүлэхээс сэргийлсэн гэдэг домогтой. Түүнээс хойш хятадууд жил бүр эх оронч яруу найрагчийн дурсгалд зориулж зунзи хийдэг болжээ. Зунзи нь өөр өөр амттай болон хөгжиж, Азийн олон бүс нутагт тархсан байна.
Луут завины баярыг Хятад улс 2009 онд ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн байна.