Украиныг ЕХ-нд элсэх үйл явцыг ахиулна гэв
Синьхуа агентлагийн мэдээ: Польшийн ГХЯ-ны сайд Радослав Сикорски 26-ны өдөр хэлэхдээ, Украиныг ЕХ-нд элсүүлэх нь Польшийн стратегийн ашиг сонирхолд нийцэх бөгөөд Польш нь ЕХ-ны даргалагч орноор ажиллах хугацаандаа Украиныг ЕХ-нд элсэх үйл явцыг ахиулах болно гэв.
Радослав Сикорски мөн өдөр тус улсад айлчилсан Украины Гадаад хэргийн сайд Андрий Субигатай хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Украины Европын холбооны гишүүнчлэл нь Польшийн ЕХ-г даргалж ажиллах хугацаан дахь нэн тэргүүний зорилт байх болно. Польш улс ээлжит даргалагч орноор ажиллах хугацаагаа гүйцэд ашиглаж, Украйны ЕХ-нд элсэх үйл явцыг урагш ахиулж, "ЕХ-ны зохицуулалтын хүрээнд энэ үйл явцыг аль болох хурдасгах болно” гэв.
Радослав Сикорски мөн хэлэхдээ, Украины Европын холбоонд элсэх хэлэлцээ нь ялангуяа зам тээвэр, хөдөө аж ахуй зэрэг эмзэг салбарт нарийн төвөгтэй байх болно гэжээ.
Украиныг ЕХ-нд элсэхэд Польш улс дэмжиж байгаа явдалд Андрий Субига талархал илэрхийлж, Украинд үзүүлэх цэргийн тусламжаа бэхжүүлж, Украины агаарын довтолгооноос хамгаалах чадавхийг сайжруулахыг уриалав.
Польш улс 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Унгар улсын даргалагч орны ажлыг залган авч, ЕХ-г зургаан сар даргалах болно.
Украин 2022 оны 2 дугаар сард ЕХ-нд элсэх өргөдлөө өгсөн бөгөөд тухайн оны 6 дугаар сард ЕХ-нд нэр дэвшигч орон болсон. 2023 оны 12 дугаар сард Европын зөвлөл Украиныг элсүүлэх хэлэлцээг эхлүүлэх шийдвэр гаргасан. Энэ оны 6 дугаар сард ЕХ болон Украин анх удаа сайд нарын түвшний засгийн газар хоорондын уулзалтыг зохион байгуулж, Украиныг ЕХ-нд элсэх тухай хэлэлцээг албан ёсоор эхлүүлсэн юм.