“Лидерийн яриа”: Перу улсын ерөнхийлөгч Дина Эрсилиа Боруарте
Перу улсын ерөнхийлөгч Дина Эрсилиа Боруарте саяханэ Ерөнхийлөгчийн ордондоо Хятадын Төв Ради Телевизийн “Лидерийн яриа” нэвтрүүлэгт ярилцлага өглөө.
Сурвалжлагч: Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АНДЭЗХ) 31 дэх удаагийн дээд түвшний албан бус уулзалтын сэдэв “Эрч хүч, оролцоо, өсөлт” гэж тодорхойлогдсон. Та энэ гурван сэдвийн Ази, Номхон далайн бүс нутагт үзүүлэх ач холбогдлыг хэрхэн ойлгож байна вэ?
Дина Эрсилиа Боруарте: Юуны түрүүнд, 2024 онд Перу улс АНДЭЗХ-ны дээд түвшний албан бус уулзалтыг гурав дахь удаагаа зохион байгуулах хүндтэй үүрэг хүлээснээрээ бахархаж байна. Энэ нь АНДЭЗХ-ны 21 эдийн засгийн нэгдэл Перуд итгэл хүлээлгэж буйг харуулж байгаа бөгөөд эдгээр эдийн засгуудын дотоодын нийт бүтээгдэхүүн дэлхийн нийт хэмжээний томоохон хувь хэмжээг эзэлдэг. АНДЭЗХ нь дэлхийн олон чухал эдийн засгууд, цаашлаад бизнес эхлэгчдийг татан бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйд баяртай байна.
Бид энэ хуралдаанаар эдийн засаг, дэд бүтэц, аялал жуулчлал, байгаль орчны хамгаалалт, ногоон эрчим хүчний шилжилт зэрэг салбарууд болон шинэ эдийн засагт зориулсан хүчирхэг платформ бий болгож байна. Үүний зэрэгцээ бид эмзэг бүлгийн иргэдийг дэмжих, тэднийг эдийн засгийн төлөвлөгөөнд багтаах, тэдэнд чанартай ажлын байр, эрүүл мэндийн үйлчилгээний баталгаа бий болгохыг зорьж байна. Энэ бүхэн 2024 оны АНДЭЗХ-ны уулзалтын болон эдгээр эдийн засгийн нэгдлийн зорилгод тусгагдсан. Тиймээс бидний энэ удаагийн уулзалтын гол сэдэв “Эрч хүч, оролцоо, өсөлт” юм.
Сурвалжлагч: Перу энэ удаагийн уулзалтад хэд хэдэн тэргүүлэх чиглэлийг санал болгосон. Үүнд худалдааг илүү чөлөөтэй, нээлттэй болгох, дижитал шилжилт, тогтвортой хөгжил зэрэг багтаж байна. Яагаад Перу эдгээр чиглэлд АНДЭЗХ-ны хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж байгаа вэ?
Дина Эрсилиа Боруарте: Олон орны туршлага, хөгжлийн замнал бидэнд нэг зүйлийг ойлгуулж байна: Дэлхийн улс орнууд тусгаар арал биш. Би Перу улсын ерөнхийлөгчөөр томилогдоход амаргүй нөхцөл байдалд байсан. Энэ сорилт миний адил Андын нурууны бүсээс гаралтай бүсгүй миний бие дээр тулгарсан. Би ядуурал, өлсгөлөн, цаг агаарын хүйтрэл, эд материалын дутагдлыг ойроос харж байсан учраас улсдаа илүү их хөрөнгө оруулалт татах, илүү их итгэл хүлээх зорилго тавьсан. Би Хятадад айлчлахдаа хэлсэнчлэн, эдгээрийг ашиглан үндэсний нэгдмэл байдлаа бэхжүүлэх, дэд бүтцээ сайжруулахыг зорьж байна. Ингэснээр Перу дэлхийн тавцанд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно. Бид энэ зорилтдоо биелүүлсээр байна.
Сурвалжлагч: Хятад улс 1991 онд АНДЭЗХ-д албан ёсоор нэгдсэн. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд Хятадын үүрэг, нөлөө, хувь нэмэр ихээхэн өөрчлөгдсөн. Хятадын АНДЭЗХ-д үзүүлсэн үүргийг хэрхэн үнэлж байна вэ?
Дина Эрсилиа Боруарте: Миний бодлоор Хятад улс АНДЭЗХ-ны 21 эдийн засгийн харилцаанд чухал байр суурь эзэлдэг. Жишээ нь, Хятадын Чанкей боомтод оруулсан хөрөнгө оруулалт нь Номхон далайн бүс нутагт үзүүлж буй эерэг нөлөөллийн тод жишээ юм.
Тиймээс бид Хятадтай ойр дотно хамтран ажилласаар ирсэн. Хятад улс одоо манай улсын хамгийн том худалдааны түнш бөгөөд бид хоёр талын эдийн засгийн харилцааг цаашид ч бэхжүүлэх болно. Хятад улс бидэнд туйлын ядуурлаас гарах, хүчирхэг улс болох арга замыг зааж өгсөн. Бид идэвхтэй суралцаж байна.
Сурвалжлагч: Сүүлийн жилүүдэд “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Хятад, Перугийн хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хэрэгжиж байна. Энэ тухайд ямар бодолтой байдаг вэ?
Дина Эрсилиа Боруарте: Ши Жиньпин даргын санаачилсан “Бүс ба Зам” нь харилцан хүндэтгэл, шударга ёс, энх тайвныг сахих талаар онцгой жишээ болж байна. Энэ бол бидний адил хөгжиж буй орнуудад суралцах ёстой үлгэр жишээ юм. Перу энэ санаачилгад цаашид ч идэвхтэй оролцож, эдийн засгийн зах зээлээ өргөжүүлэхийн зэрэгцээ хөгжиж буй орнуудыг дэмжих ажлыг үргэлжлүүлэх болно.