Газад гал зогсоох тогтоолын төсөлд АНУ дахин хориг тависанд холбогдуулан байр сууриа илэрхийлэв
11 дүгээр сарын 22-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.
Саяхан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газын зурваст гал зогсоох тухай тогтоолын төсөлд санал хураалт явуулсанд АНУ хориг тавих эрхээ дахин хэрэгжүүлснээр уг тогтоолын төсөл батлагдаагүй юм. Үүнд Хятад улс ямар байр суурь илэрхийлэх вэ? гэж сэтгүүлч асуув.
Линь Жянь хэлэхдээ, Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч санал хураалтын дараа хэлсэн үгэндээ Хятад улсын байр суурийг иж бүрэн илэрхийлсэн. Энэхүү тогтоолын төсөлд Газын зурваст нэн даруй гал зогсоохыг маш тодорхой шаардсан нь Аюулгүйн зөвлөлийн үйл ажиллагааны зөв чиглэлтэй нийцэж, энх тайвны төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчтэй дуу хоолойг илэрхийлж байна гэв.
Линь Жянь хэлэхдээ, Газын зурваст мөргөлдөөн 13 сар үргэлжилж, 40 мянга гаруй хүн амиа алдаж, урьд өмнө байгаагүй хүмүүнлэгийн гамшигт нэрвэгдлээ. АНУ хориг тавих эрхээ зургаа дахь удаагаа ашиглан Газын зурваст гал зогсоох тогтоолын төслийг хориглож, Аюулгүйн зөвлөл болон олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг дахин зогсоолоо. Энэ нь Америкийн давхар стандартын талаарх олон улсын хамтын нийгэмлэгийн ойлголтыг шинэтгэж, АНУ-ыг дахин нэг удаа олон улсын хамтын нийгэмлэгийн гал зогсоох уриалгын эсрэг талд, Палестины ард түмний оршин тогтнох итгэл найдварын эсрэг талд, бүр түүнчлэн бүх хүн төрөлхтний ёс суртахууны ухамсрын эсрэг талд аваачсан юм гэв.