MONGOL

АНУ цөмийн зэвсгээс ангижрах онцгой үүрэг хариуцлагаа биелүүлэх ёстой

CRI2024-11-21 17:56:55

11 дүгээр сарын 21-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

АНУ-ын цэргийн албан тушаалтан өмнө нь АНУ цөмийн дайныг хүсэхгүй байна, гэхдээ хэрэв цөмийн дайралт үүсэх юм бол АНУ цөмийн зэвсгийнхээ нэг хэсгийг авч үлдэж, ирээдүйн өрсөлдөгчөөс сэргийлэхийг найдаж байна гэж хэлжээ, үүнд та ямар байр суурь илэрхийлэх вэ ? гэж гадаадын мэдээллийн хэрэгслийн сурвалжлагч асуув.

Линь Жянь хариулахдаа, Америкийн албан тушаалтны холбогдох мэдэгдэл нь АНУ ноёрхлыг хөөцөлдөж, стратегийн үнэмлэхүй давуу талыг эрэлхийлж буй хуучирсан сэтгэлгээг харуулж байна. Сүүлийн жилүүдэд АНУ "гурвалсан" цөмийн зэвсгээ сайжруулж, үндэсний аюулгүй байдлын бодлогод цөмийн зэвсгийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлж, холбоотнуудтайгаа цөмийн хүчийг хуваалцах болон "өргөн хүрээнд сүрдүүлэх" зохицуулалтыг бэхжүүлж, дунд зайн тусгалын болон пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах зэвсэглэлийн байршуулалтаа ахиулсаар байна. Энэ нь дэлхийн стратегийн тэнцвэр, тогтвортой байдлыг ноцтой алдагдуулж, цэргийн өрсөлдөөн, сөргөлдөөнийг даамжруулж, цөмийн дайны эрсдэлийг нэмэгдүүлж байна гэв.

Линь Жянь онцлон тэмдэглэхдээ, АНУ цөмийн зэвсгээс ангижрах онцгой чухал үүрэг хариуцлагаа чин сэтгэлээсээ биелүүлж, цөмийн зэвсгээ цаашид дорвитой хорогдуулж, цөмийн зэвсгээс бүх талаар туйлбартай ангижрах эцсийн зорилтод хүрэхэд нөхцөл бүрдүүлж, стратегийн эрсдэлийг бууруулж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахын тулд хүчин чармайлт гаргах ёстой гэжээ.

Close
Messenger Pinterest LinkedIn