Аба-д аялсан тэмдэглэл

2014-11-19 15:23:59

Уул ус хоёр орчилдож тогтсон нутаг


Есдүгээр сарын хуучаар Сычуань мужийн төв Чөндү хотын нисэх онгоцны буудалд газардахад нэвсийсэн тэнгэр, нэлхийсэн чийг, пөнхийсэн бөгчим агаар угтлаа. Чөндү нэлээд том хот бололтой. Манант тэнгэр өөд цойлсон өндөр өндөр байшин, өргөн цэлгэр зам харгуйг харахад эдүгээ Хятадын аль ч хотод нийтлэг тааралдах их бүтээн байгуулалт энэ хотыг ч тойроогүйг илтгэнэ. Зарим байшингийн оройд том жижиг олон мод тарьсан нь соньхон санагдаж байлаа. Чөндү хот Хятадын дөрвөн их хотгорын нэг болох Сычуаны хотгорт оршино. Хотын төв нь далайн төвшнөөс дээш ердөө 508 метрт өндөрлөгдсөн нь Улаанбаатараас даруй 800 гаруй метрийн нам дор байна гэсэн үг.

Аба-д аялсан тэмдэглэл

Нанхиад гүрний 56 үндэстний нэг болох түвдүүдийг эртний түүх соёлын асар их өв бүтээсэн ард түмэн гэдгээр нь дэлхий нийт андахгүй. Тэднийг БНХАУ-ын Түвдийн өөртөө засах оронд амьдардаг цөөнх үндэстэн хэмээн дүгнэх нь ихээхэн явцуу ойлголт юм. Түвдүүд өргөн уудам Хятад орны газар бүхэнд, тэр дундаа Сычуань, Юннань, Чинхай, Ганьсу мужийн нутагт олноороо тархан суужээ. Сычуань мужийн төв Чөндү хотоос баруун тийш 500 гаруй км газарт Аба жөү нэртэй нэгэн аймаг оршино. Өндөр уулсын бүсийн тэр буйд хязгаар нутагт түвдүүд олон зуун жилийн турш суурьшин аж төржээ. Аба жөү 13 сянь, нэг сая орчим хүн амтай. Хятадын засаг захиргааны нэгж манайхаас ондоо боловч хойшид өөртөө засах жөүг аймаг, сянийг сум хэмээн дүйцүүлэн бичвэл уншигч танаа ойлгоход дөхөм болов уу.

Аба-д аялсан тэмдэглэл

Хятадын олон улсын радиогоос зохион байгуулсан олон улсын сэтгүүлчдийн багийн бүрэлдэхүүнд багтан хятад, польш, украйн залуустай (надаас бусад нь сэтгүүлч) ганзага нийлэн аялах, сурвалжлах завшаан олдоод зогсохгүй алин цагаас очихсон гэж мөрөөдөл болсон түвд нутгийг зорьсон нь тун ч олзуурхмаар ховор тохиол боллоо. Бид Аба аймгийн таван сумын нутгаар арваад хоног хөндлөн гулд аялахдаа буддын шашны хэдэн том сүм хийд, үе мөчний өвчтэй хөгшдийг асрах газрууд, түвд дунд сургууль, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гар урлалын төв, номын сан, эмнэлэг, сумын захиргаа, өндөрлөг газар хүнсний ногоо тариалж, мөөг үржүүлэх туршилтын тусгай хүлэмжүүд, түвд ламын байгуулсан урлахуйн ухааны хувийн сургууль, зураачдын урлан, гэр бүлийн музей гэхчилэн сонин содон газраар зочилж, нутгийн олон хүнтэй уулзан хууч хөөрөхийн хамт байгалийн үзэсгэлэнд нь эрхгүй нүд сэтгэлээ унагаж явсан юм.

1234...>

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал