Одоогийн байршил:mongol.china.com > Фото > Үйл явдал >

МУ дахь Өвөр Монголчуудын гэр бүлийн өдөрлөг

2016-07-05 10:59:30

Монгол Улсад оршин амьдарч буй Өвөр Монголчуудын гэр бүлийн өдөрлөг 7-р сарын 3-нд сэр сэр салхитай, бор бор бороотой Тэрэлжийн голын эрэг дээрх Талын Сондор амралтад боллоо. 20 гаруй гэр бүлийн 70 гаруй хүн оролцсон энэ өдөрлөгийг МУ дахь Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбоо зохион байгуулсан юм.

Нар хур тэнцэн, өвс ногоо халиурч, хөх тэнгэрт хөвөн үүл нүүсэн энэ сайхан өдөр ойн дундуур шуугин урсах Тэрэлжийн голын хөвөөн дээр хүүхэд багачуудын инээд хөөр цангинаж, хорхог шорлогны сайхан үнэр ханхлан, гэр бүлийн халуун дотно уур амьсгал бялхаж байлаа. Охид бүсгүйчүүд шивнэлдэн ярилцаж үе үе тас хийтэл инээлдэхэд голын хөвөөний бургаснаас болжмор шувуу үргэн нисэж, хүүхдүүд өнгөт бөмбөлөг барьж гүйлдэх нь талын цэцэг нүүж байгаа юм шиг харагдаж байлаа.

Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбооны дарга Л.Баатар хүүхдүүдэд бэлэг гардуулж, шагнал бэлэгтэй төрөл бүрийн уралдаан тоглоом зохион байгуулснаар хүүхдүүд өдөржин тоглож, ядартлаа наадав.

Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбоо ийм арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа юм. Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбоо бол Монгол Улсад хөрөнгө оруулсан Өвөр Монголын аж ахуйн нэгжүүдийн холбоо бөгөөд одоо энэ холбоонд 300 гаруй аж ахуйн нэгж, гишүүн нэгдээд байгаа юм. Тус холбоо болон холбооны гишүүн аж ахуйн нэгжүүд нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа төдийгүй, Монгол Улс болон Өвөр Монголын эдийн засаг худалдаа, соёлын харилцаа хамтын ажилагааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал